УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ээлжит бус чуулганыг энэ сарын 20-ний дотор зарлан хуралдуулах албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод өнөөдөр /2018.08.08/ өргөн барих болсон талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр ”Миний хувьд Ардчилсан тогтолцоо битгий хил, дарангуйллын засаглалд тавигддаг энгийн ёс зүй, улс төрийн наад захын хариуцлага, товчхондоо үнэнээ хүлээх асуудлыг хөндсөн. Гэвч үнэнээ хэлээгүй мэлзэж байгаа нь биш, харин үнэнийг хайсан нь буруутан болох тал руугаа өнөөдрийн тогтолцоонд явж байгаа нь өнөөгийн нийгэмд ёс зүйтэй, хуулийн засаглалтай, хариуцлагатай төрийн ордонд эрх мэдэлтэнд хариуцлагатай биш харин түүний оронд ялгавартай үйлчилдэг мэлзээ төр бүрэлдэн бий болсныг өнгөрсөн хугацаанд өрнөсөн үйл явдлууд бэлхнээ харууллаа.
Хувь хүн мэлзэж болно. Тэр бол хувь хүний ухамсар, ёс зүйн асуудал. Харин Монголын төр дагаж мэлзэж болохгүй юм. Хэрвээ Монголын төр дагаж мэлзвэл тогтолцооны асуудал болж хувирна. Өнгөрсөн хугацаанд нийт 17 төрийн болон намын эрх бүхий байгууллагад бичгээр болон биечлэн хандаж, тайлбар авлаа.
Эрх мэдэлтний өмнө засаг төр хэрхэн ялгавартай хандаж чаддагийг өөрийн биеэр мэдэрлээ. М. Энхболд гэдэг улс төрч 2014 оны 8-р сарын 28- нд 40 минут, 2014 оны 9-р сарын 8-нд 90минутын 60 тэрбумын гэх ярианд огт оролцоогүй гэж мэлзсэнийг АТГ-ын дарга Х.Энхжаргал тэргүүтэй албан тушаалтнууд эвлүүлэг болгох гэж Геннисийн номонд бүртгэгдэхээр үндэслэл зохиож мэлзсэн.
Монгол Улсын Нийтийн сонсголын хуулийн дагуу УИХ-ын 19 гишүүн энэ асуудлыг өргөн барьсан ч Хуульзүйн байнгын хороо өнөөдрийг хүртэл мэлзлээ. УИХ-ын 26 гишүүн 60 тэрбумын асуудлаар Ээлжит бус чуулган зарлахаар өргөн барьсан ч ирц хүрэхгүй байгаа шалтгаанаар өнөөдрийг хүртэл мэлзэж байна.
Намын бага хурлаар энэ асуудлыг хэлэлцэнэ гэсэн хүлээлт байсан боловч хэлэлцэх асуудалд ороогүй шалтгаанаар мөн л мэлзлээ.
Хариуцлагын талаар томоохон алхам хийнэ гэж мэдэгдэж гарч ирсэн зарим эрх мэдэлтнүүд найранд бялуурч, найраанд мансуурч, аргацааж өнгөрдөг өнгөрсөн 25 жилийнхээ арчаагүй аргаа даган мэлзлээ. Өнөөдөр бид УИХ-ын дарга М.Энхболдыг Үндсэн хууль зөрчсөн асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд өгөх болно.
Бүх хууль хяналтын байгууллагын дээр байдаг, Эрх зүйт төрийн Ёс зүйн өндөрлөг болсон энэ байгууллага асуудалд хэрхэн хандахыг хамтдаа удахгүй харцгаая. Монгол Улсын Үндсэн хуулийн гуравдугаар зүйлд зааснаар Монгол Улсад засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байх бөгөөд Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлдэг.
Гэтэл хамгийн сүүлийн судалгаагаар ард иргэдийн 97 хувьд Монгол Улсад шударга ёс алдагдсан гэж үзсэн байна. Тийм ч учраас сонгогдсон ард түмний элчийн хувьд ийм нөхцөл байдалтай эвлэрээд цаашид явах боломжгүй гэж үзэж байгаа юм. Миний хувьд сэтгэл хөдлөлтэй хүн бишээ, бусдаас ялгарах зоригтон ч биш, нам дотроо тэмцэл өрнүүлээд байгаа ч юм алга. Зүгээр л ийм тодорхой гэрчтэй, бичлэгтэй хэргийг эвлүүлэг гээд хаагаад өнгөрчихвөл, цаашид гэрчгүй, бичлэггүй атлаа улсад онц их хэмжээний хохирол учруулж, нийтийн эрх ашгийг хохироосон бусад хэргүүдийг хэрхэн шийдэж, шударга ёсыг тогтоох талаар дотоод ертөнцөд маань эргэлзээ үүссэн учраас л үүнийг илэрхийлээд байгаа юм.
Тиймээс УИХ-ын дарга М.Энхболдоос дараах гурван зүйлийг 2018 оны 8-р сарын 20-ноос өмнө хийхийг шаардаж байна.
Үүнд:
1. Монголын Ард түмэн, намын нийт гишүүд дэмжигчдээсээ хэвлэл мэдээллээр дамжуулан албан ёсоор уучлалт гуйх.
2. Өөрийн хүсэлтээр хууль хяналтын байгууллагуудад хандаж энэ хэргийг дахин нягтлан шалгуулж, олон нийтийн эргэлзээг тайлах.
3. Ээлжит бус чуулганыг шалтаг тоочиж, УИХ-ын гишүүдийн үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхэд халдахаа зогсоож, нэн даруй зарлан хуралдуулах.
Хэрэв дурдсан хугацаанд төрийн ордонд дотор энэ асуудал шийдэгдэхгүй бол олон нийтийн дэмжлэгийг хүсч, шат дараалан тэмцлийн өөр хэлбэрт шилжих болно гэдгээ үүгээр танд мэдэгдэж байна” гэлээ.