“Такси” киногоороо нэрд гарсан Францын нэрт жүжигчин Сами Накертай зодоон хийхэд оролцсон этгээдүүдийг баривчилсан болохоо Москва хотын цагдаагийн газраас өнөөдөр мэдэгдлээ. Энэ талаар Интерфакс агентлаг мэдээлсэн байна. Тус агентлагийн мэдээлснээр нэрт жүжигчин Москва хотын нэгэн караоке бааранд Белоруссаас ирсэн жуулчидтай маргалдаж, зодолдсон бөгөөд үүний улмаас тэрээр толгойндоо хүнд гэмтэл авчээ. Өдгөө нэрт жүжигчин Сами Накер Крымийн хойгт “Краб” нэртэй шинэ киноны зураг авалтанд оролцож байгаа ба түүний өөрийнх нь өгүүлснээр “Краб” гэдэг нь шоронгийн харгалзагчийг нэрлэдэг этгээд үг юм байна. Энэ дашрамд дурдахад алдарт ”Такси” кинонд тоглосон жүжигчин маань ихэвчлэн Москва хотноо амьдардаг ба тэрээр Оросын телевизийн янз бүрийн шоу нэвтрүүлэгт байнга оролцдог ажээ.