2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтоос Сангийн сайд Д.Болорт хандан нэгэн албан бичиг илгээжээ. ХЭГ/2200 дугаартай энэхүү бичгийн утга нь: \”Саусгоби сэндс\” хэмээх гадны хөрөнгө оруулалттай компанийн монгол улсад төлөх ёстой хэмээн шүүхээр шийдвэрлэсэн 35,2 тэрбум төгрөгийн төлөх хугацааг хойшлуулах, мөнгөөр бус эд зүйлс, хувьцаагаар орлуулах тухай юм.
Засгийн газарт ирүүлсэн саналаас нь харахад \”Саусгоби сэндс\” компани нь 15 тэрбум төгрөгийг 6 жилийн хугацаанд цувуулж төлөөд үлдсэн 20,2 тэрбум төгрөгийн өрийг RDCC ХХК-ийн энгийн хувьцааны 10 хувь, Гурван тэс суманд буй эд хөрөнгө, уул уурхайн бүтээгдэхүүнээр хаах санал тавьсан ажээ.
Энэ асуудлаар 2016 оны 3 дугаар сарын 31-нд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газраас Хууль зүйн байнгын хороонд хандсан бичгээс учрыг тодруулбал: \”… мөрдөн байцаалтын шатанд битүүмжлэгдсэн төлбөр төлөгч хуулийн этгээдийн Голомт, Хаан, Худалдаа хөгжлийн банк дахь харилцах данснаас 2,1 тэрбум төгрөгийг татан авч, төлбөрийн мөнгийг шилжүүлэн авахыг Сангийн яаманд 2015 оны 12 дугаар сарын өдрийн 1/43007 тоот албан бичиг, 2016 оны 1/ 10745 дугаар албан бичгээр тус тус мэдэгдсэн\” явдлыг зогсоож, төлбөрийг удаашруулах, хойшлуулахыг чармайсан албан тушаалтан нь С.Баярцогт болж таарч байна. Нүүрсний үнэ унаж, хэзээ сэргэх нь тодорхойгүй байгаа нөхцөлд 20,2 тэрбумаар үнэлэгдэх эд хөрөнгө, хувьцаа, нүүрс зэрэг бол хоосон зүйл болох нь тодорхой. Хэрвээ энэ мэхэнд Засгийн газар автаж санал болгосон зүйлсийг өрөнд тооцон хүлээж авбаас нэрлэсэн үнийхээ 20 хувьд ч хүрэхгүй болохыг шинжээчид анхааруулж байна.
Шулуухан хэлэхэд монголчууд хулхидуулсан дээрээ дахиад хулхидуулж 20,2 тэрбум төгрөгөө олж авч чадахгүйд хүрэх ийм шийдвэрийг өнөөх гайхал С.Баярцогт гаргуулахаар чармайж явна. Энэ хүн өчнөөн олон жил төрийн өндөр албан тушаалуудыг дамжин хашихдаа Монголын ард түмэнд яасан гэж өсөрхөж, боломж гарвал хохироох санаа өвөрлөж явдаг юм болоо гэж уулга алдмаар үйлийг байнга сэдэж явах юм. Хуулиар бол Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад шүүхийн шийдвэрийг дур мэдэн өөрчлөх, засварлах эрх огтхон ч олгогдоогүй. Татварт бэлэн мөнгөөр тушаах ёстой байсан 35,2 тэрбум төгрөгийг монголчууд мөнгөөр л гаргуулан авах ёстой. Сэндвичэн байшин, хуучирсан эксковатор зэргийг 20,2 тэрбум төгрөгт дүйцүүлэн шахах гэж байгаа үйлдлийн цаана жинхэнэ хуйвалдаан, хулгай оршиж байж тун болзошгүй байгааг хулгайг үзэн ядаж, шудрагыг эрхэмлэдэг гэх Ерөнхийлөгч маань олж хараа болов уу.
С.Баярцогт нь монгол улсын хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчсөн нь тогтоогдсон гадны компаниас шүүхээр шийдвэрлэн тогтоосон хөрөнгийг нэн даруй нэхэн авч, барагдуулахын оронд төлбөрийг хойшлуулах, аажимдаа мартагнуулах, займчуулах төлөв рүү шилжүүлэн оруулахыг санаархаж байж мэдэх шинж байдал эндээс ажиглагдаж эхэллээ. Дашрамд сануулахад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарахаас өрсөж \”Саусгоби сэндс\” компанийн удирдлагад ажиллаж байсан Жастин Капла нарт өршөөл үзүүлэн суллаж явуулсан билээ.
Эрхэм Ерөнхийлөгч саяхан Их тэнгэрийн аманд жиргээчдийг цуглуулан хийсэн илтгэлдээ \”хулгайч нарыг, хулгайг\” ихэд жигшиж, илрүүлэн хайхаар шамдаж явдгаа дуулгасан. Хамар дор нь нэн сэжигтэй үйлдлүүд хийж яваа харьд элэгтэй хүмүүс рүү хурц хараагаа чиглүүлбээс хайгаад байгаа зүйлс олдох магадлал 99 хувьтай байгааг энэхүү мэдээллээр сануулъя.
Эх сурвалж: assa.mn