Өнөөдөр Өмнөд болон Умард Солонгос хоёр улсын Японы колонийн дарлалаас чөлөөлөгдсөний 73 жилийн ойн баярын өдөр болж байна. Жил болгоны энэ өдөр Солонгос даяар төрийн далбаагаа мандуулж, ерөнхийлөгч эх орноо Японы дарлалаас чөлөөлөхийн тулд амиа хайрлаагүй тулалдсан зоригт цэргүүд, иргэдийнхээ дурсгалыг хүндэтгэсэн хурлын ажиллагаан дээр үг хэлж, Японы дарлалд байсан хүнд хэцүү үеийн гашуун түүхийг хойч үедээ дурсан сануулдаг уламжлалтай. Өнөөдөр Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын Сежонг ордон дотор болох баярын хуралд ахмад дайчид, төрийн ажилтнууд, иргэдийн төлөөлөгч 3000 гаруй хүн оролцох бөгөөд Солонгос даяар баярын концерт, тоглолтууд болох ажээ.