Монгол Улсад өнөөдөр хариуцлага, хууль дүрэм гэж алга. Эрх мэдэл, танил тал, мөнгөтэй байхад яаж ч дураараа дургисан болохоор болж. Төрийн байгууллагууд хамгийн ашигтай компаниар тодорч, түүний удирдах албан тушаалд очсон дарга нар ажлаа авсан анхны өдрөөсөө шахуу хулгайлж, хумслах ажилдаа ордог болсон байна. Нөгөө буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо бус будаагаа зарж олсон мөнгөө тээж байна.
Ингэж хэлэхийн учир өнгөрсөн хугацаанд идэж уусан, эх орноосоо урвасан нэг ч хүн хуулийн дагуу зохих хариуцлагаа хүлээж, ял шийтгэлээ бүрэн эдэлсэнгүй. Ардын хүүхдэд 10, 20 жилээр нь ял оноодог атлаа авлигач түшмэдүүдийн толгойг илдэг нь тэгээд ардчилсан ёс бололтой. Улсад онц их хэмжээний хохирол учруулсан, мөнгө угаасан хэрэгтэн хэдхэн сар хоригдоод эрүүл мэндийн шалтгаанаар суллагдаж байна. Хүнд гэмт хэрэгтнүүд батлан даалт нэрийн доор бөөн бөөнөөрөө суллагддаг болж. Хамгийн сонирхолтой нь, чоно борооноор гэгчээр нийгмийн анхаарал сарнингуут иймэрхүү хүнд гэмт хэрэгтнүүдийг эздүүд нь суллан авч байна. Хамгийн сүүлд гэхэд, УИХ-ын гишүүн М.Батчимэгийн зөвлөх З.Пагмажав батлан даалтаар суллаад байна.
Түүнийг улсын нууцтай холбоотой мэдээлэл удаа дараа Тайванийн талд дамжуулсан хэрэгт буруутгаж 16 жилийн ял оноосон. Түүнтэй хамт эх орноосоо урвасан хэрэгт яллагдсан Д.Чинбаярыг мөн тун удахгүй батлан даалтад гаргах биз. Гаргачихсан ч байж мэднэ. З.Пагмажавын хувьд Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан М.Батчимэг гишүүний адил Стратеги судлалын хүрээлэнд ажиллаж, Тайванд суралцаж байсан юм.