УИХ-ын дарга З.Энхболдын урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын Доод танхим /Лок Сабха/-ын дарга хатагтай Сумитра Махажан манай оронд энэ сарын 18-22-нд албан ёсны айлчлал хийнэ. Мөн тэрээр Улаанбаатар хотноо дөрөвдүгээр сарын 21-23-нд зохион байгуулагдах Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтын зарим арга хэмжээнд оролцох аж.
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын Доод танхим /Лок Сабха/-ын дарга айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдтой албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхана. Мөн хатагтай Сумитра Махажанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг бараалхах юм.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын Доод танхим /Лок Сабха/-ын дарга хатагтай Сумитра Махажан нар Монгол Улсын Их Хурал, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын Доод танхим /Лок Сабха/-ын хоорондын хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурж, хэвлэл мэдээллийнхэнд товч ярилцлага өгнө.
Түүнчлэн Парламентын дарга нар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газраас Хавдар судлалын үндэсний төвд хандивласан зайн туяа эмчилгээний \”Bhabhatron II” аппарат, туяа эмчилгээний төлөвлөлтийн симулятор аппаратыг ашиглалтад хүлээлгэн өгөх нээлтийн ёслолд оролцоно. Сонирхуулахад, Сумитра Махажан нь 1943 онд төрсөн бөгөөд 2014 оноос Энэтхэгийн парламентын Доод танхимын даргаар ажиллаж байгаа аж. Өдгөө 73 настай тэрбээр 1989 оноос хойш Энэтхэгийн парламентад 8 удаа сонгогдоод буй нөлөө бүхий улстөрч ажээ.
Нинж