Хичэээллийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа маргааш болно. Нээлтийн үйл ажиллагааны үеэр цагдаагийн алба хаагчид ЕБС-ийн орчимд замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ. Энэ зохицуулалтын талаар Замын цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч М.Мөнхгэрэлээс зарим зүйлийг тодрууллаа.
-ЕБС-иудын орчинд хэчнээн алба хаагчид замын хөдөлгөөний зохицуулалт хийх вэ?
-Маргааш буюу есдүгээр сарын 1-ний өдөр ЕБС-иуд нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулна. Энэ үед сургууль цэцэрлэг тус бүрдээр 1-2 цагдаагийн алба хаагч тухайн сургуулийн орчны аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний зохицуулалтыг хийнэ. Мөн томоохон зам болон уулзвар гарцууд дээр хөдөлгөөний зохицуулалт хийхээр төлөвлөсөн байгаа.
-Хэчнээн алба хаагчид үүрэг гүйцэтгэх вэ?
-Тээврийн цагдаагийн алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээр ажиллана. Нийслэлийн хэмжээнд 320 гаруй алба хаагчид төрийн болон хувийн хэвшлийн 240 гаруй ЕБС-ийн орчинд үүрэг гүйцэтгэнэ.
-Цаашид цагдаагийн алба хаагчид сургуулийн орчин үүрэг гүйцэтгэх үү. Эсвэл зөвхөн хичээлийн нээлтийн үеэр ажиллах юм уу?
-Ес дүгээр сарын 1 өдөр болон есдүгээр сарын 3-ны өдөр хичээл сургууль эхлэх үеэр манай алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээр ажиллана. Хичээл сургууль эхлэхээр замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэг. Тэр дундаа хичээл орох тарах цагуудаар алба хаагчид томоохон уулзварыг бүхэлдээ хяналтандаа авч ажиллахаар төлөвлөсөн. Одоо зарим замуудын засварын ажил хийгдэж байгаа учраас хаалттай байгаа. Тухайлбал, Олимпын гудамж, ТЭЦ3- наас яармагийн зам, Цайз захаас хойшоо нэг км авто зам засвартай, хаалттай байгаа учраас замын хөдөлгөөний ачаалал эрс ихэснэ. Иймээс иргэд цагаа зөв төлөвлөж замын хөдөлгөөн оролцох хэрэгтэй гэдгийг хэлмээр байна.