“Positive Mongolians” онлайн төслийн орон оронд байдаг гишүүдээс таван төлөөлөгчид эх орондоо уулзалджээ. Монгол, Канад, Швед, Солонгосоос тус тус уулзаж буй тэд цаашдын ажлаа төлөвлөж, өөрсдийн боломжоороо хийж бүтээх ажлуудаа ярилцсан аж.
Тэд дэлхийн өнцөг булан бүрээс Монгол улсдаа нэмэр болох гэж аль чадахаараа, боломж бололцоогоороо цаг зав гаргаж, эерэг бөгөөд өөдрөг сэтгэлгээг түгээн дэлгэрүүлсээр багагүй хугацааг үджээ. Энэ цаг мөчөөс өмнө нь гадаад улс орны тухай болон тэр улсад сурах, амьдрахаас эхлээд ахуй, соёлын талаар янз бүрийн нэвтрүүлэг бэлтгэн гаргаж байлаа. Харин энэ удаад улс орнуудын тухай мэдээллээр баялаг, гадаадад амьдарсан өөрсдийн туршлагаа судалгаатай холбосон гарын авлага буюу ном гаргахаар төлөвлөсөн байна.
Тиймээс энэхүү онлайн төслийг дэмжигч хэн бүхэн тэдэнтэй сэтгэгдлээ урьдын адил хуваалцаж, өөрсдийн санал бодлоо үлдээж болно. Мэдсэн бүхнээ өвөртлөөд чимээгүй өнгөрөх бус, хэн нэгэн өрөөл бусдад хэрэг болно хэмээн итгэж тэд ийнхүү ажил амьдралаасаа цаг илүүчлэн өөдрөг бүхнийг Монгол түмэндээ зориулж, хамтдаа өөдөө алхана гэдгээ илэрхийллээ.