Монгол улсын нэр хүндийг олон улсын хэмжээнд өргөсөн нэгэн чухал үйл явдал өнөөдөр Зайсан Хилл цогцолборт эхэллээ. Сүүлийн жилүүдэд хүний эрхийн асуудал, нэн ялангуяа бизнесийн орчинд эмэгтэйчүүдийг дэмжих тал дээр нэлээд анхаарал хандуулах болсон. Энэ чиглэлээр 1992 онд Австралийн Мельбурн хотод Диана Абруззийн санаачлагаар Олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа аж үйлдвэрийн холбоо /IWFCI-International Women’s Federation of Commerce and Industry/ байгуулагдсан байдаг.
Монгол улсад зохион байгуулж байгаа энэ удаагийн дээд хэмжээний чуулга уулзалт 2018 оны 9-р сарын 6, 7-ны өдрүүдэд буюу хоёр өдөр үргэлжлэх юм. 14 орны 300 гаруй төлөөлөгчид оролцож буй энэ удаагийн чуулга уулзалт “Глобал инноваци ба харилцаа холбоо” уриан дор зохион байгуулагдаж байгаа бөгөөд Ерөнхий ивээн тэтгэгчээр “Оюуны Ундраа групп” ажиллаж байна.
“Оюуны Ундраа групп”-ийн Дэд захирал Х.Гансүх:
-Энэхүү арга хэмжээ нь дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн эмэгтэйчүүд нэг дор хуран цугларч, цаашдын чиг хандлага, хамтын ажиллагаа, мэдлэг туршлагаа солилцдог томоохон чуулга уулзалт юм. Оюуны Ундраа группийг зүгээс Монголын оюунлаг эмэгтэйчүүдийг дэмжих, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн үйл ажиллагаа, тэдний эдийн засагт оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх үүднээс энэхүү арга хэмжээг албан ёсоор ивээн тэтгэн ажиллаж байна. Бид энэхүү арга хэмжээний үр дүнд Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүд олон улсын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдтэй холбоо тогтоох, мэдлэг мэдээллээ солилцох, цаашлаад түнш болж урт хугацаанд харилцан ашигтай хамтран ажиллаасай гэж хүсэж байна. Цаашид ч гэсэн бид Монголын нийгэм эдийн засагт хэрэгтэй, өр өгөөж өгөхүйц олон улсын болон дотоодын арга хэмжээтэй тогтмол хамтарч ажиллахаар төлөвлөж байна. Манай компанийн тухайд, Монголын анхдагч хувийн хэвшлийн нэг бөгөөд уул уурхай, барилга, үл хөдлөх хөрөнгө, мэдээлэл технологи, банк санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Бид 2018 онд “Зайсан Хилл” цогцолборыг бүрэн ашиглалтад орууллаа. Энэ бол залуучуудын цагаа зөв боловсон өнгөрүүлэх, гадаадынханд Монголын талаар мэдээлэл өгөх зорилго бүхий соёл амралт, аялал жуулчлалын хамгийн анхны цогцолбор юм хэмээн ивээн тэтгэгч байгууллагын хувьд үйл ажиллагааныхаа талаар товч мэдээлэл өглөө.
Ингээд IWFCI-г албан ёсоор нээж тус холбооны Ерөнхийлөгч Диана Абруззи, IWFCI Монгол дахь байгууллагын үүсгэн байгуулагч, Ерөнхийлөгч хатагтай О.Байгаль нар үг хэлж хатагтай О.Байгаль цана цохисноор чуулга уулзалт албан ёсоор эхэлсэн юм.
Нээлтийн үеэр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар үг хэлж, мөн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс бизнес эрхлэгч олон улсын эмэгтэйчүүдэд илгээсэн мэндчилгээг уламжлав. Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа Монголын боловсролын салбарын нийт ажилтны 82 хувь нь эмэгтэйчүүд гэдгийг онцлоод, хүн амыг ядуурлаас бууруулах зорилтыг хэрэгжүүлэхэд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх замаар тэдний нуруун дээрх ачааг бууруулах боломжийн талаар тодотгон “Нийгмийн харилцааны бүх салбарт эмэгтэйчүүдийн тэгш оролцоог бодитоор бий болгох нь чухал” гэсэн юм.
Уригдан ирсэн зочид төлөөлөгчдөд зориулж Монгол Улсын танилцуулга бичлэгийг үзүүлж, урлагийн үзүүлбэрээр бэлэг барьж, “Тэгри” рестораны өндөр ур чадвартай тогооч нарын гарын хоол бүхий хүндэтгэлийн зоогоор дайллаа.
IWFCI байгууллага нь 14 гишүүн орны эмэгтэйчүүдийг эгнээндээ нэгтгэсэн олон улсын хэмжээний томоохон байгуулага юм. Манай улсын хувьд өнгөрсөн жил энэ хамтын олны эгнээнд нэгдсэн отгон орон болжээ Тэд өнцөг булан бүрээс цуглан уулзаж чуулахдаа өөрсдийн ололт амжилт болон алдаа дутагдлыг зөвлөлдөж, юу хийх хэрэгтэй байгааг тодорхойлж, санал солилцдог аж.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот дахь Соёл амралтын Зайсан Хилл цогцолборт “GLOBAL WOMEN’S TRADE SUMMIT 2018” дээд хэмжээний чуулга уулзалтын хүрээнд оролцогчид илтгэл тавьж, олон асуудлыг хэлэлцэхээс гадна оролцогч компаниудын үзэсгэлэн худалдаа, загварын шоу үзүүлбэр зэргийг зохион байгуулахаар төлөвлөжээ.