Австрали улсад гүзээлзгэнээс оёдлын зүүнүүд гарсан гэмт хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Одоогоор тус улсын зургаан мужийн нутаг дэвсгэрт зүүтэй гүзээлзгэнүүд илрээд байгаа аж. Ерөнхий сайд энэ явдлыг ноцтой гэмт хэрэг хэмээн үзэж буйгаа мэдэгджээ.
Зүүтэй гүзээлзгэнэ идсэн нэг эрэгтэй хүн эмнэлэгт хүргэгдсэн байна. Шинэ Зеландын хүнсний хамгийн том худалдаа эрхлэгч компани урьдчилан сэргийлэх үүднээс Австрали гүзээлзгэнүүдийг зах зээлээс татжээ.
Австралийн Эрүүл мэндийн сайд Грег Хант нь тус улсын Хүнсний аюулгүй байдлын газар болон Шинэ Зеландад хэргийг нарийвчлан шалгахыг тушаасан байна. Тэрээр “Энэ бол олон нийтэл аюул заналхийлсэн маш аюултай, ноцтой хэрэг” хэмээн мэдэгджээ. Орон нутгийн эрх баригчид хэргийг шалгаж байгаа ч хараахан сэжигтэнг илрүүлээгүй байгаа аж.
Өнгөрөгч долоо хоногт Кьюнсландаас Шинэ Өмнөд Уэльс, Виктория, Өмнөд Австрали, Тасмани, нийслэл хот руу гүзээлзгэнэ хүргэхээс өмнө уг хэргийг олж мэдсэн байна. Тариаланчид болон цагдаагийн ажилтнууд зарим тохиолдлыг дуураймал бүтээгдэхүүний хэрэг байж болзошгүй хэмээн үзжээ.
Кьюнсландын засаг захиргаанаас хэргийн талаар мэдээлэл өгсөн хүнд 100 мянган австрали долларын шагнал амласан байна.
Б.Болормаа