Улс төрийн хүрээнд хэдэн өдөр далд өрнөсөн зүйл бол жижиг намууд СЕХ-нд хүсэлтээ өгөлгүй АН-ыг дэмжин ажиллах, түүнийхээ оронд тус намаас нэр дэвшигчийн квот авах байлаа. Тухайлбал, МҮАН, Эх орон нам юм. Мөн ИЗНН сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд уламжилсан ч гэлээ одоогоор АН-ыг дэмжиж магадгүй байна. Хэрэв сонгуульд өрсөлдөхгүй гэвэл АН-аас ИЗНН-д таван мандат, Эх орон, МҮАН-д тус бүр хоёр мандат амласан гэлцэх. Энэ тухайд УИХ дахь Ардчилсан намын бүлэг хоёр өдөр хуралдаж ярилцсан байна. Нэлээд хэсэг нь жижиг намын хүмүүст квот олгохыг дэмжээгүйгээс хурал хоёр өдөр сунжирсан гэнэ.
Хэрэв ИЗНН, Эх орон, МҮАН-ын хүмүүс АН-аас нэр дэвшинэ гэвэл өөрийнхөө намаас татгалзаж, АН-д гишүүнээр элсэх ёстой. Өөр хуулийн гаргалгаа байхгүй. Тодруулбал, Сонгуулийн тухай хуулийн 125.6-д \”Нэг намын гишүүнийг өөр намаас, эвслийн тухайд түүнд нэгдэн орсон намуудаас өөр намын гишүүнийг нэр дэвшүүлэхийг тус тус хориглоно” гэсэн бол 125.8-д \”Нам, эвсэл аливаа нэг намын гишүүн бус иргэнийг түүний бичгээр гаргасан зөвшөөрлийн үндсэн дээр нэрийг нь дэвшүүлж болно” гэжээ. Түүнчлэн 129.1.3-д \”Өөр намын гишүүнийг нэр дэвшүүлсэн бол нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзана” гэсэн заалттай.
Тэгэхээр дээр дурдсан намаас удирдах албан тушаалтнууд буюу намын дарга нар нь л АН руу орж таарна. Жишээ нь, МҮАН-ын дарга М.Энхсайхан, ИЗНН-ын дарга С.Оюун, Эх орон намын дарга Б.Эрдэнэбат нар юм. Гэвч тэд намаа хаяж, голоод өөр намын хатавчинд орох бололцоо бий юү гэдэг өнөөдрийн гол асуулт. Яагаад гэвэл Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй бүхэл бүтэн нам Их хурлаа хуралдуулж даргаа сонгож, тамга тэмдгээ хадгалуулдаг. Мөн Дээд шүүхэд намын дарга нарыг бүртгэн баталгаажуулдаг. Тэгэхээр энэ гурван нам Их хурлаа хуралдуулж байж намаа голсон даргаа үдэж, тамгаа авч үлдэх болно. Цаана нь Дээд шүүхэд баталгаажуулсан намын даргынхаа бүртгэлийг хасуулна гээд хууль, журмын дагуу үргэлжлэх ажил бий. Өнөө, маргаашгүй нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэх гэж байхад ийм үйл явцыг хийж амжих уу. Жижиг намууд Их хурлаа хийж ядах энүүхэнд ч Дээд шүүх асуудалд түргэн шуурхай хандахгүй л болов уу.
Иймд өөрийнхөө намыг голж, өрөөлийг шилж очих санаатай хүмүүс юун дарга манатай, нэр дэвшиж ч чадахгүйд хүрэх вий. Одоо л АН ийм эмоцтой хүлээж авч байгаа юм чинь сонгуулийн өмнө тэднийг гудамжинд хаяж мэднэ. Нэг тойрогт багтаж ядаж буй АН-ын нэр дэвшигчид бусад намаас гүйж ирсэн хүнд зүгээр сууж байгаад мандатаа алдах нь юу л бол. Нам ч үгүй, дарга, тойрог ч үгүй хаягдах энүүхэнд байна даа.
М.Цэцэг
Эх сурвалж: \”Зууны мэдээ” сонин