Дэлхий дахинд алдаршсан бүргэдийн анчин охин Айшолпан Нургайыпкызы Казахстаны боловсролын “Білім Орда” сангаас 20 мянган долларын тэтгэлэг авлаа.
Айшолпан одоо 11 дүгээр ангид сурдаг бөгөөд цаашдаа Америк, Европын их сургуульд суралцах хүсэлтэй гэнэ. Түүний ээж Алмагуль Коксеген “Астанад нэг жил суралцах шийдвэр гаргахад амар биш байлаа. Манай эх оронд ч Казахстан шиг боловсрол олгодог сургууль бий. Төрсөн газар шиг сайхан зүйл хаана байх билээ. Гэхдээ бидэнд сайхан санал тавьсан болохоор Казахстанд суралцахаар шийдсэн” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.
Гэхдээ ээж нь охинтойгоо хамт Астанад үлдэхгүй гэнэ. Айшолпан сургуулийн дотуур байранд амьдарч, Астанад амьдраад удаж байгаа эмээ, хамаатангууд нь түүнийг харж хандаж байх аж.
“Би охиноо энэ хүмүүсийн гарт үлдээгээд Монголдоо харьлаа. Манайх Улаанбаатараас 2000 км хол байдаг. Астана ч гэсэн 2000 км зайтай болохоор зарчмын хувьд Улаанбаатар, Астана орох адилхан. Охинтойгоо утсаар ярьж байх болно. Нөхөр бид хоёр Айшолпанд сурах газраа өөрөө сонго гэж хэлсэн” гэжээ.
Айшолпан “Шийдвэр гаргахад хэцүү байсан ч аав, ээжтэйгээ удаан зөвлөлдсөний эцэст Астанад суралцахаар боллоо. Хурдан дасна гэж найдаж байна. Нэгдүгээр ангиасаа л дотуур байранд амьдарч байсан болохоор гайгүй байх. Бүргэд ч энд байгаа. Хөдөө бүргэдтэй айлууд байдаг. Хамгийн гол нь их сургуульд элсэхдээ бэлтгэх нь чухал ” гэж ярьжээ.
Айшолпан сургуулийн хажуугаар бүргэдийн ангаа орхихгүй бөгөөд удахгүй Казахстаны бүргэдийн анчидтай хамтарсан бэлтгэл хийхээр болжээ.
Айшолпан Америкт сурах хүсэлтэй, дараа нь өөрийн нэрэмжит сан, сургууль байгуулах мөрөөдөлтэй гэнэ. Тэрбээр хувийн “Spectrum” сургуульд суралцана. Энэ сургууль 12 жилийнх тул “Білім Орда” сангаас ирэх жил ч манай бүргэдчин охины зардлыг даахаар болжээ. “Spectrum” сургууль Айшолпанд зориулсан академик мэдлэг, хэлний чадвар сайжруулах тусгай хөтөлбөр боловсруулах гэнэ.