УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын хэсэг гишүүд АТГ-ын дарга Х.Энхжаргалыг огцруулах санал гаргаж, уг асуудлаар УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шаардлага хүргүүлсэн ч УИХ-ын дарга М.Энхболдыг огтхон ч хөдөлгөж чадаагүй билээ. Уг шаардлагын хариуд УИХ-ын дарга М.Энхболд “ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахад татгалзах зүйл байхгүй” гэснээс өөр тайлбар хийгээгүй бөгөөд харин өнөөдөр болсон намрын чуулганы нээлтэд хэлсэн үгэндээ тэрээр АТГ-ын дарга Х.Энхжаргалыг огцруулах үндэслэлгүй буюу өөрөөр хэлбэл огцруулахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Тэрээр “УИХ-ын чуулганы завсарлагааны хугацаанд нэр бүхий гишүүдээс ээлжит бус чуулган зарлан хуралдуулах шаардлага, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гишүүдийн шаардлагыг дэмжсэн санал ирүүлсэн. Товчхондоо ээлжит бус чуулганаар Авлигатай тэмцэх газрын даргыг томилсон УИХ-ын тогтоолыг хүчингүй болгох санал тавьсан.
Авлигын эсрэг хуулиар Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг чөлөөлөх, огцруулах тодорхой үндэслэлүүдийг хуульчлан заагаад, хуульд зааснаас бусад үндэслэлээр чөлөөлөх, огцруулахыг хориглосон байдаг.
Зөвхөн Авлигатай тэмцэх газрын даргыг ч биш, төрийн аль ч шатны, ямар ч албан тушаалтныг зөвхөн хуульд заасан үндэслэлээр л албан тушаалаас нь чөлөөлж, огцруулдаг эрх зүйн орчинд бид ажиллаж, амьдарч байгаа. Ийм байхад хууль тогтоох, төрийн эрх барих дээд байгууллага баталсан хуулиа өөрөө зөрчдөг байж болохгүй.
Өнгөрсөн хугацаанд уг саналыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр хоёр удаа хэлэлцүүлсэн. Зөвлөлөөс хуулийн үндэслэлийг нь Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцсэний дараа ээлжит бус чуулганы товыг тогтоох нь зүйтэй гэж шийдвэрлэснийг хэлье” хэмээн байр сууриа илэрхийллээ.