Иргэд, жолооч нарын замын хөдөлгөөний соёлыг дээшлүүлэх, дүрмийн зөрчлийг бууруулах, иргэдийн оролцоо хяналтыг нэмэгдүүлэх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтран өчигдрөөс эхлэн “E-Police” аппликейшнийг нэвтрүүллээ. Тус аппликейшнийг ухаалаг гар утасны PlayStore, AppStore-оос үнэ төлбөргүй татаж, утасны дугаараа оруулан системээс ирсэн кодыг хийснээр шууд ашиглах боломжтой юм. Ингэснээр замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн иргэдэд ТЦА-тай хамтран шууд хариуцлага тооцож чаддаг болж байна.
Зөрчлийг аппликейшн ашиглан маш энгийн гурван үйлдлээр илгээнэ. Холбогдох алба хаагчид зөрчлийг шалгаад хэрхэн шийдвэрлэснээ зурган хэлбэрээр эргэн мэдэгдэх аж. Гэхдээ тухайн ирсэн зураг нь нотлох баримтын шаардлага хангаж байгаа эсэх, улсын дугаар марк нь таарч байгаа эсэх, зөрчил дээрх зураг байршил, цаг хугацаа, орон зай таарч байна уу гээд шаардлагатай олон зүйлсийг тооцож, гарцаагүй баримтаар торгууль шийтгэвэр эзэндээ очно. Товчхондоо “E-Police” аппликейшн нь upload буюу зураг оруулах боломжгүй, харин яг тухайн мөчид авсан зургаа л шууд илгээх боломжтой юм байна. Тиймээс засварласан зураг явуулах ямар ч боломжгүй гэнэ.
Иргэдийн мэдээллээр нийт дөрвөн төрлийн зөрчилд торгууль ноогдуулах юм. Үүнд:
-үргэлжилсэн цагаан шугам давсан, буцаж эргэсэн,
-түр болон удаан зогсох хориотой газар зогссон,
-урсгал сөрсөн,
-явган хүний зам хөвөөгөөр явсан зэргээр замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тухай иргэдээс ирүүлсэн мэдээллээр тухайн жолоочид хариуцлага тооцож, торгууль ногдуулна.
“E-Police” аппликейшн хэрэглэгчдийн тоо эрс хурдацтай өсч байгаа гэдгийг холбогдох албаныхан онцолж байна.