Монгол Улсын эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтээс сүүлийн таван жилийн судалгааны хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх таван шалтгааныг үндэслэн Эрүүл мэндийн яамнаас улс орон даяар өчигдрөөс эхлэн эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэн иргэдээ анх удаа Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг, оношилгоонд хамруулахаар болсон.
Ингэхдээ дөрвөн насны /18-34, 35-45, 46-64, 65-аас дээш/ ангиллаар багцлан иргэдийг үзлэгт хамруулна. Бүх насны ангилалд эмчийн ерөнхий үзлэг, эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ, халдварт бус өвчний бүрдмэл үнэлгээ хийгдэх ба энэ үзлэгт суурилан эрүүл мэндийн эрсдэлийг илрүүлэн дараагийн үзлэгт хамруулах аж.
Даатгуулагчид 18-34 насны урьдчилан сэргийлэх багцад БЗДХ, Сүрьеэгийн илрүүлэг үзлэгт орно. 40-өөс дээш насны даатгуулагчид нийт найман төрлийн хорт хавдрын илрүүлэг, үзлэгийг хийнэ.
Ингэснээр зонхилон тохиолдох халдварт бус өвчнүүд болон хорт хавдрыг эрт илрүүлж, эмчлэх боломжтой юм. Үзлэг оношилгоог харьяа өрхийн эрүүл мэндийн төв, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд хийж байна.