Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны үед Нийслэлийн Прокуророос яллагдагч Ч.Ганзоригт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан.
Эрдэнэт үйлдвэрийн дарга асан Ч.Ганзоригийг өнгөрсөн даваа гарагийн шөнө АТГ-аас баривчилж, 461-р ангид хорьсон бөгөөд мөрдөн байцаагчийн яллагдагчийг саатуулах 48 цаг дуусгавар болж, үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдвэрлэх шүүх хурал хүртэл түүнийг сулласан юм.
Харин өчигдөр буюу энэ сарын 2-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ч.Ганзоригийн асуудлыг хэлэлцэж, прокуророос ирүүлсэн дээрх саналыг хэрэгт ирүүлсэн баримтаар тогтоогдож байна гэж үзжээ. Тиймээс шүүгчийн захирамжаар энэ өдрөөс эхлэн Ч.Ганзоригийг нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна.