Нийслэлийн ИТХ-аас зохион байгуулж байгаа “Хотын нийтийн тээвэр, замын хөдөлгөөний оновчтой шийдлүүд” зөвлөгөөнд оролцож буй иргэд хөдөлгөөний ачааллыг бууруулахад ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ гэдэг саналаа хэлж, болохгүй байгаа асуудлыг шүүмжлэв.
Нийслэлийн төсвийн хөрөнгөөс их хэмжээний санхүүжилт авдаг хэрнээ нийслэлийн Тээврийн газар парк шинэчлэлт хийхгүй байна хэмээн шүүмжлэв. Тухайлбал, Үйлчилгээнд явж буй автобуснуудын олонх нь “утаа хаядаг”, зарим нь хөдөлгөөнд оролцож байхдаа шатдаг. Эдгээр автобуснуудыг техникийн хяналтын үзлэгт хүчээр тэнцүүлж байгаа нь илт. Мөн автобусны жолоочийг сургадаг сургалтын төв байдаггүй. Авто сургуульд хальт хичээллээд, үнэмлэх авчихсан хүмүүс автобус жолоодож байна. Үүнийг болиулах хэрэгтэй гэж иргэд шүүмжлэв. Улмаар автобусны техникийн хяналтын үзлэгийг ном журмаар нь хийлгэж, авто сургуулиудын үйл ажиллагааг хянах хэрэгтэй гэлээ. Түүнчлэн бодит амьдралд нийцэхгүй чиглэлийн төлөвлөлт гаргаснаа засах шаардлага байгааг ч хэлэв. Мөн нийтийн тээвэр хүрч үйлчилдэггүй хороо Улаанбаатарт байгааг ч оролцогчид хэлж байлаа. Жишээлбэл, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хотын төвөөс уулаар хязгаарлагдсан, нийтийн тээвэр очдоггүй аж. Тухайн хорооны иргэд автобус явуулж өгөх шаардлага байна гэв. Энэ мэтээс гадна такси үйлчилгээг хөгжүүлж, таксины тоог олшруулах шаардлага байгааг шүүмжиллээ. Эдгээр гажуудлыг тулд нийслэлээс улсад төсөвт төвлөрүүлж буй хөрөнгийг Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд зарцуулах нь зүйтэй гэж оролцогчид хэлэв.
Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан “Нийтийн тээвэр гэхээр л дан ганц жолоочийн соёл, автобусны байдлыг ярьж болохгүй. Монорэйл, БРТ зэрэг төсөл хөтөлбөрийг түргэвчлүүлэх хэрэгтэй. Нийслэлд тулгамдаад буй эл асуудлыг шийдэхэд хотын боломж, бололцоо хүрэлцэхгүй. Тиймээс Засгийн газраас дэмжлэгэ авах шаардлага гарна. Тийм учраас Зам, тээврийн хөгжлийн сайдыг зөвлөлөөнд урьсан. Нийслэлээс улсын төсөвт төвлөрүүлж буй төсвийг хотын хөгжилд зарцуулах шаардлага бий. Нийтийн тээврийн чанар, хүртээмжийг сайжруулж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлыг энэ удаа яриад өнгөрөхгүй. Цаашид шат дараатай арга хэмжээ авна. Мөн такси үйлчилгээг ч сайжруулна” гэв.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ