Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх түр хороо (Financial Action Task Force буюу ФАТФ) Монгол улсыг мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааг хангалтгүй явуулж байгаа улс орнуудын жагсаалтанд оруулах эсэхийг сарын дараа шийднэ. Энэхүү байгууллага нь тухайн улс орноос мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх ажиллагааг сайжруулах мөн улс төрийн хүсэл зорилтыг нь нэмэгдүүлэхийг шаардах тусгай байгууллага.
Энэхүү байгууллагын шалгалт нь анхан шатны хяналт болон түүнээс хангалтгүй үнэлгээ авсан улс орнуудад хийх хоёр дахь шатны хяналт гэсэн 2 үе шатаас бүрддэг. Энэ хоёр үе шат бүхий хяналтын дараа тухайн улс орон дотооддоо тодорхой, үр дүнтэй арга хэмжээ авч чадахгүй бол “ФАТФ-ын хамтран ажилладаггүй улс орнуудын жагсаалт”-д оруулдаг.
Энэхүү жагсаалтыг ФАТФ өөрийн эмхлэн гаргадаг мэдээллийн хэрэгслэл цахим хуудсаар олон нийтэд ил тод болгож тухайн жагсаалтад орсон улс орнуудтай санхүүгийн харилцаа тогтоохгүй байхыг бүх улс оронд уриалдаг. Энэхүү жагсаалтад орох нь тухайн улс орны эдийн засагт ихээхэн хор хохирол учруулдаг. Тухайн улс орны гадаадад зорчих иргэд банкны картаа ашиглаж чадахгүй байдалд хүрэх, санхүүгийн байгууллагуудын корреспондент харилцаа тасрах, улс хоорондын гуйвуулга, шилжүүлэг хийгдэхгүй байх гэх мэт олон хэлбэрээр энэхүү жагсаалтын хор хөнөөл илэрдэг.
Шинэчилсэн жагсаалтаар 74 орон дээрх хяналтад орох бөгөөд Монгол улс тэдний нэг болж магадгүй. Өмнө нь 2004 онд Монгол улс энэхүү санхүүгийн хоригт багтаж байсан удаатай.