Иргэн Мөнхбаатар Дашням өчигдөр/2018.11.27/ Монгол банкны удирдлагад зээлийн хүүг бууруулах шаардлагыг хүргүүллээ. Энэ тухай тэрээр “зээлийн хүү (цалингийн, тэтгэврийн, орон сууцны, жижиг бизнесийн гэх мэт) -г ЖДҮ-ийн зээл лугаа жилийн 3 хувь болгон бууруулах шаардлага хүргүүлэв. Энэ бол ердөө л эхлэл. Олуулаа байх тусмаа амжилт ойрхон байна” гэж өөрийн цахим хуудаснаа бичсэн байна.
Зээлийн хүү буух учиртай. Учир нь иргэд өндөр хүүтэй, эрх мэдэлтнүүд бага хүүтэй зээл авдаг байж болохгүй. Үндсэн хуулиар бид бүгд ижил тэгш эрх эдлэх ёстой. Энэ хуулийн биелэлтийг хангаж, Монгол Улсын төв банк иргэдийн нуруунд дарамт болж буй зээлийн өндөр хүүг буулгах ёстой.
“Зээлийн хүүг шууд буулгаж болохгүй” гэж арилжааны банкны төлөөлөл мэдэгддэг. Мэдээж олж байгаа орлогоо буулгахыг хэн хүсэх вэ. Гэвч тэдэнтэй адил байр суурийг Монгол банкны удирдлагууд илэрхийлээд байгаа нь хачирхалтай. Уг нь төв банк бол Монгол Улсын хууль болон УИХ-аар батлагдсан бодлогыг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага. Гэвч хувийн хэвшилийг өмгөөлсөн байр суурь илэрхийлж байна. Энэ нь ашиг сонирхлын зөрчил юм. Тиймээс төв банк явцуу бүлэглэлийн ашиг сонирхол бус нийт ард иргэдийн эрх ашгийн төлөө ямар шийдвэр гаргах вэ гэдгийг харъя.