Энэ сарын 3-ны орой ЭХЭМҮТ-ийн гадаа хүүхэд төрсөн, тусламж авахаар ирсэн иргэнийг буцаан гаргасан нь иргэдийн бухимдлыг ихээхэн хүргэсэн. Өнөөдөр энэ талаар Эрүүл мэндийн яам болон тус эмнэлгийн холбогдох албаныхан албан ёсны тайлбар өглөө. Энэ үеэр ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр ажлаа өгөхөө мэдэгдсэн юм.
ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр“Юуны өмнө таагүй үйл явдал тохиолдсонд харамсаж байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээнд байнгын дотоод хяналт тавьж байдаг. Эрүүл мэндийн яамны хяналтын хорооныхон тухайн үед ажиллаж байсан эмч, мэргэжилтнүүдтэй уулзаад ирлээ.Тухайн эх бол өөрийнхөө тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг хүсэхгүй байгаа. 26 настай хоёр дахь жирэмслэлт, анхны төрөлт. Эмэгтэйн төрөх үйл ажиллагаа өдрөөс эхэлсэн юм шиг байгаа юм. ЭХЭМҮТ-д очвол өөрийг нь хүлээж авах байх гэж бодоод такси хөлсөлж очсон байгаа юм.
Тухайн эх таксины жолоочтой хамт хүүхдийн хүлээн авахад орж ирээд төрөхийн хүлээн авах хаана байдгийг асуусан. Ингээд гараад явах замдаа төрөлт явагдаж, эргээд ойрхон байсан хүүхдийн хүлээн авахад орж яаралтай тусламж авсан.Тухайн хүний эрүүл мэндийн нууц учраас зарим мэдээллийг өгөх боломжгүй байна. Ерөнхийдөө эх хүүхдийн биеийн байдал тогтвортой байгаа. Ер нь бол ЭХЭМҮТ тусламж үйлчилгээнийхээ чанар хүртээмжээ сайжруулахаар ажиллаж байгаа. Гэхдээ бидний ажилд алдаа дутагдал гарлаа. Ард иргэдээс албан ёсоор уучлал хүсч байна. Миний хувьд өөрийгөө зөвтгөх үндэслэл байхгүй. Би хувь хүний хувьд, эмч хүнийхээ хувьд ёс зүйн хариуцлага хүлээж ажлаа өгнө” гэж мэдэгдлээ.