“Хүний эрхийн соёлыг бэхжүүлэх нь” симпозиумыг 2018 оны 12 дугаар сарын 07-нд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Гадаад харилцааны яам, Монголын Эмнести Интернэшнл байгууллага, Монголын Хуульчдын холбоо, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам хамтран зохион байгууллаа.
Хүний эрхийг хүндэтгэх, хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой, үндсэн хэрэгсэл нь хүний эрхийн боловсрол бөгөөд дэлхий дахинд хүний эрхийн зарчим, хэм хэмжээний талаарх мэдлэг ойлголт, хүний эрхийн боловсрол, соёлыг дээшлүүлэх бэхжүүлэх чиглэлээр ахиц дэвшлийг ихээр гаргаж байна. Гэвч манай улс албан болон албан бус боловсролын тогтолцоогоор хүний эрхийн боловсролыг иргэд, олон нийт, хүүхэд залууст өдөр тутмын хэрэглээ болгон хэрэгжүүлэх явдал хангалттай бус, хүний эрхийн соёл, хандлагыг төлөвшүүлэх хэрэгцээ шаардлагатай хэмээн зохион байгуулагчид үзэж байна.
Хүний эрхийн боловсролоор дамжуулан хүний эрхийг хүндэтгэж, хамгаалдаг, зөрчигдсөн эрхээ шаардаж нэхэмжилдэг, дуу хоолойгоо өргөдөг хүний эрхийн мэдрэмжтэй иргэдийг бий болгоход талууд хамтран ажиллаж, санал зөвлөмжийг нэгтгэн
хэрэгжүүлэхээр хэлэлцлээ.
Хүний эрхийн соёлыг түгээх сэдвээр 9 салбар хуралдааны хүрээнд Монгол Улс дахь хүний эрхийн боловсролын асуудлыг хэлэлцүүлж, хамтын байр суурийн баримт бичиг, Хүний эрхийн боловсролын үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөний зураглал, зөвлөмжийг гаргаж байна.
Тус арга хэмжээний нээлтэд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч хатагтай Биата Транкман нар оролцож үг хэллээ.
НҮБ-ын Суурин зохицуулагч хэлсэн үгэндээ: “Энэхүү чухал арга хэмжээнд оролцож, Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал болон хүний эрхийн боловсрол, авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэрхэн улам төгөлдөржүүлж, олсон амжилтаа бататгах талаар та бүгдтэй ярилцах гэж байгаадаа баяртай байна.
…Монгол улс 28 жилийн өмнө ардчилсан нийгэм рүү шилжсэнээс хойш хүний эрхийн тал дээр ахиц дэвшил гаргаж байгаа. 2018 оны Freedom House-ийн тайланд дурдсанаар Монгол Улс нь Ази Номхон Далайн бүс нутагт “чөлөөт” гэж эрэмбэлэгдсэн зургаахан ардчилсан орны нэг болжээ.
…Гэвч бусад улс орны нэгэн адил хүний эрхийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхэд сорилт бэрхшээлтэй тулгарсаар л байна. Одоо хүчин төгөлдөр буй хуулиудаа хэрэгжүүлэх ёстой, мөн хамгаалалтын механизм нь хүртээмжтэй байх шаардлагатай. Хүний эрхийн боловсрол нь олон нийтийн хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэхэд, мөн тэдний зүгээс хүний эрхийг хэрэгжүүлж, эрхээ хамгаалуулахыгшаардахадчухал үүрэгтэй. Нийгэмд бат бөх хүний эрх, иргэний боловсрол зайлшгүй шаардлагатай болж байна. Ингэснээр хүний эрхийг хэрэгжүүлэхийг шаардаж, мөн тэдний дуу хоолой нь хүрэх юм.