Бүтэн улирлын турш биднийг зурагтны өмнө уяж чадсан “Авьяаслаг Монголчууд-3” шоуны сүүлчийн шатны шалгаруулалт өчигдөр явагдаж, ялагчаа тодруулсан байна. Энэ жил гурав дахь удаагаа зохиог байгуулагдаж буй шоуны 100 сая төгрөгийн эзнээр илбэчин С.Билэгт шалгарчээ. Түүний төгсгөлийн шатны үзүүлбэр нь асуудал дэвшүүлсэн, нийгэмд тулгамдаж байгаа асуудлыг дэвшүүлж, олон нийтийг уриалсан нь үзэгчдээс хамгийн олон санал авахад хүргэсэн байна. Харин шоуны хоёрдугаар байранд ОХУ-ын Буриад улсаас ирж оролцсон циркийн жүжигчин Дулма, Паша нар орсон юм. Шоуны гуравдугаар байранд 116 хамтлаг шалгарчээ.
Тэргүүн байрын эзэн илбэчин С.Билэгт нь “Авьяаслаг Монголчууд” шоуны шүүгч Г.Ариунбаатарын алтан баззерийн эзэн бөгөөд илбийн үзүүлбэрээр алтан баззер авсан анхны оролцогч болсон юм. Түүнийг хүмүүст баяр баясал бэлэглэж Улаанбаатар хотын гудамжинд таарсан хүн бүртээ өөрийн илбээ үзүүлдэгээс гадна “Илбэ намайг сонгосон” нэвтрүүлгээр нь андахгүй.
Тэрбээр сүүлийн нэг жил урлаг, спорт, улс төр гээд бүхий л салбарынхныг гайхшируулсан илбийн үзүүлбэрүүдээ өөрийн фейсбүүк хуудаснаа байршуулсан билээ. С.Билэгт 26 настай. Одоогоос долоон жилийн өмнө илбэ үзүүлэх болсон аж. Түүний мөрөөдөл нь дэлхийн тавцанд Монголын илбийг алдаршуулах.