МАН-ын анхан шатны байгууллага үүрүүдийн дарга нар, тус намын дэргэдэх Төрийн бус байгууллагуудын төлөөлөл Тусгаар тогтнолын ордонд мэдээлэл хийлээ. Тэд сүүлийн үед МАН дотоод асуудал даамжирч улс орны асуудал болж хувирсан, намыг хагалан бутаргаж буй ёс зүйгүй, шударга бус гишүүддээ хариуцлага тооцохыг шаардаж мэдээлэл хийв.
Г.Батдорж /МАН-ын дэргэдэх НАМОХ-ны Ерөнхийлөгч/
МАН-ын дотоод асуудал даамжирч улс орны асуудал болоод байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэр бүхий удирдлагууд нэгнээ гүтгэх, доромжлох асуудал хэтэрлээ. Иймээс өнөөдрийн хэвлэлийн хурлыг гурван асуудлаар хийж байна.
1. МАН дотооддоо асуудлаа шийдэж төрийг гацаанаас нэн яаралтай гаргах хэрэгтэй. Маргааш болох МАН-ын бага хурлаар шударга бус ёс зүйгүй, дүрэм зөрчсөн гишүүддээ хариуцлага тооцох ёстой.
2. МАН-ын удирдлагууд жирийн гишүүд, сонгогчдынхоо дэмжлэгээр төрд гарсан. Гэтэл зөвхөн өөрсдийн хувийн эрх ашгийн төлөө, бүлэглэлийн төлөө нам харгалзахгүй хамтарч шударга бусаар бизнес хийдэг нам боллоо. Үүнийгээ нэн даруй болих хэрэгтэй гэж МАН-ын залуу гишүүд бид харж байна. Үнэхээр МАНАН бүлэглэл, шударга бусын хонгил байдаг юм байна. Уран сайхны кинон дээр гардаг мафи байдаг юм байна.
3. Намын нэр хүндийг унагаасан тэр 60 тэрбум. 2016 оны сонгуулийн өмнө тухайн үеийн намын удирдлагууд тэдний ар гэрийнхэн, хамаатан садан нь төрийн ажилд орж, чадваргүй олон хүн төрийг ажлыг хийж байна. Дарга нар вакумд ороод гишүүдийнхээ үгийг сонсохгүй байна. Жирийн гишүүд дэмжигчдийн дэмжлэгээр төрд гарчихаад албан тушаал хуваадаг,танил талаа төрийн алба руу оруулдаг явдал бодитой.
4. Сүүлийн үед зохион байгуулалттайгаар 100 жилийн түүхтэй нам сүйрч байна гэж ярьж байна. Тэгвэл ҮГҮЙ. Харин ч цэвэрших үйл явц явагдаж байна гэж бид харж байна. Шударга бус хүмүүс намаасаа шахагдан гарч байна. Хяналтын Ерөнхий хороо дүгнэлтээ гаргаж, шударга бус гишүүдэд хариуцлага тооцох хэрэгтэй.
МАН-ын дэргэдэх НАМОХ-ны Ерөнхийлөгч ийнхүү мэдээлэл хийлээ. Өнөөдрийн хуралд НАМОХ-ны удирдах зөвлөлийн гишүүд, холбооны гишүүд , МАН-ын анхан шатны байгууллага болох намын үүрүүдийн дарга,төлөөлөл уриа лоозон барьж хуралд оролцов.
П.Өлзийнаран /МАН-ын Баянгол дүүргийн 14-р үүрийн дарга/
“Сүүлийн үед гэнэтхэн шударга хүмүүс, шударга дарга нар их гарч ирдэг боллоо. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хүн амын орлогын албан татвар нэмэх шийдвэр гарч байхад ганц үг ган хийгээгүй хүн өчигдөр шударга болчихсон ярьж байна. Тэгэхээр ийм юм байж болохгүй ээ. Би жирийн гишүүн хүний хувьд, ямар нэг том дарга биш хүний хувьд хэлэхэд БАЙНГА ШУДАРГА БАЙГААЧЭЭ. Анхнаасаа шударга байгаачээ гэдэг үгийг хэлмээр байна. Анхнаасаа шударга байж чадаагүй хүмүүс битгий шударга болж жүжиглээд байгаачээ гэдэг үгийг нийт гишүүдийнхээ өмнөөс энэ хүмүүст хэлмээр санагдаж байна. 2016 онд 20 гаруй тэрбум долларын өртэй улсыг энэ нам хүлээж авсан. Одоо зодолдож байх цаг мөн үү? Улс орон цаашаа яаж оршин тогтнох вэ ? Цаашид улсынхаа болоод ард түмнийхээ эрх ашгийн төлөө шударга байдлыг хангаж ажиллах шаардлагатай. Ажил албан тушаалаас зууралдсан эсвэл ажил албан тушаалаас болж зодолдсон энэ байдлаа одоо нэг тийш нь цэгцлэж, төрийг зөв,түвшин авч явах шаардлагатай байна” гэв.
Ийнхүү эрх баригч МАН-ын дотоод асуудлыг нэг талдаа гарга гэдэг шаардлагыг жирийн гишүүд дэмжигчид нь хүргүүллээ. Мөн тэд маргааш болох намын бага хурлаараа энэ асуудлаа дотооддоо ярьж асуудлаа шийдвэрлэх ёстой гэдгийг ч уламжилж байна.