Монгол-Туркийн хамтарсан “Эмпати” сургуулийн захирал Вейсел Акчайг өнгөрөгч долдугаар сарын 27-нд гэрийнх нь гаднаас 4-5 залуу хүчээр машинд суулган хулгайлсан бөгөөд тэр өдөр нь Туркийн тусгай үүргийн “ТТ4010” онгоц “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардсан. Үүнтэй холбогдуулан Эрүүгийн цагдаагийн албаны зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж, түүнд хилийн хориг тавиад байсан юм.
Энэхүү хэргийн талаар Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн “Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 64 турк иргэн байна. Тэдний 26 нь багш байна. Гадаадын иргэн харьяатын газраас В.Акчай багшид хилийн хориг тавиад байсан ч Прокуророос хоригийг цуцлах бичиг ирсний дагуу цуцалсан. Ингээд Монголоос 2018 оны арваннэгдүгээр сарын 30-нд Буянт-Ухаагийн хилээр гарсан” гэж мэдэгдлээ.
“Эмпати” нь олон улсын боловсрол олгож эхэлсэн хамгийн анхны хувийн сургууль бөгөөд захирал Вэйсел Акчай нь анх 1994 онд манай улсад ирснээсээ хойш Монголын боловсролын салбарт тасралтгүй 24 жил ажиллажээ.