Баянгол дүүргийн УИХ-д бие даан нэр дэвшиж буй Дуучин Нара буюу Нарантуяа олны анхаарал дунд байгаа нэр дэвшигчдийн нэг юм. Хоёрхон хоногийн дотор 3000 иргэний саналыг авж рекорд тогтоосон гэж хэлж болно. Түүний энэ их ажлын мөнгө хаанаас бий болж яаж санхүүгээ босгож байгаа талаар Цэнхэр үст Цэрэн өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан асуусан бол түүний хариу болгож Дуучин Нара ч мөн адил нүүр номоороо дамжуулан хариуллаа.
Таны энэхүү асуултыг бас олон ч хүн асууж эргэлзэж, мэдэхийг хүсч байгаа болов уу. Мөнгөгүй, нэр хүнд рүүгээ ихээр халдуулдаг, дэмжлэггүй боловч хүсэл тэмүүлэл нь хязгааргүй их эмэгтэй хүн иргэнийхээ эрхээ хаа хүртэл эдлэж, хаана очиж зогсохыг олон хүн ажиглаж байгаа болов уу…
Надтай хамт салбартаа мэргэшсэн манлайлагч залуучууд хамтран ажиллаж байгаа бөгөөд бүгд залуу, мөнгөгүй ч хамгийн гол нь чин зүрхнээсээ нийтийн төлөө гэсэн сэтгэлтэй хүнийг улс төрийн тавцанд гаргаж ирж улс төрд эрүүл бөгөөд шинэ хандлага жишиг тогтоохыг зорьж байгаа юм. Эрүүл нийгмийг хамтдаа байгуулна гэсэн итгэл үнэмшлээр олон залуус надтай хамт зүтгэж байгааг хэлэхэд таатай байна.
Бидний эх оронд бүх зүйл мөнгөөр хэмжигдэхдээ тулаагүй, хүний хүч чадлын үнэ цэнэ зоосонд бууж өгөөгүй хэвээр гэдгийг мэдрэх хичнээн сайхан…
Та бүгдэдээ хандаж хэлэхэд сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулга мөнгө бага зарж олонд хүрэх боломжийг олгож чадсан мөн сонгуульд өрсөлдөх нь их мөнгөтэй хүний оролдож үздэг спорт байхаа больсныг хэлэхэд таатай байна…
Б.Нараа