Энэ жилийн УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээ тодруулахдаа АН аймаг, дүүргийнхээ намын хороодоос дэмжлэг хүлээн ҮЗХ-д нэр дэвшүүлэн оруулж ирсэн хүмүүсээ намын даргынхаа болон фракцуудынхаа тохироогоор намын дүрэм, Сонгуулийн хууль зөрчин хүч түрэн өөрчилсөн тухай яригдсаар байна.
АН-ынхан ҮЗХ-ны хурлаараа өөрсдийн хөшигний ар дахь тохирооны хүмүүсээ нэр дэвшүүлсэн гэх яриа ч тасрахгүй л байна. Чингэлтэй дүүргийн намын хорооноос зуун хувийн саналаар нэр дэвшүүлэхээр оруулсан Б.Батбаатарыг хүчээр нэр дэвшүүлэлгүй унагаж орхисон.
Залуу хүний хувьд Б.Батбаатар хортой, шартайгаар албан ёсоор намаасаа гарах өргөдлөө өгч Иргэний хөдөлгөөний намаас З.Энхболдын дэвшиж байгаа Баянгол дүүргийн 70 дугаар тойрог дээр нэр дэвших болсон гэх. Гэтэл АН-ын дарга үүнийг бүх хүчээрээ эсэргүүцэж байгаа гэлцэнэ.
Түүнийг бүр СЕХ-нд бичиг хүргүүлж, Б.Батбаатарыг нэр дэвшүүлэхгүй байх, өгсөн бичиг цаасанд нь ямар нэг дутуу зүйл байна уу сайтар шалга, эс бөгөөс Иргэний хөдөлгөөний намын нэр дэвшүүлэх хуралдааныг хүчингүй болго гэж шахсан тухай ч хэвлэлээр бичигдэж эхэлж.
Тэгвэл сонгуульд нэр дэвшигчид бүртгүүлж эхлэх үед АН-ын залуу гишүүдийн нэг намынхаа даргад харшилтай Л.Наранбаатар бас З.Энхболдын нэр дэвшсэн тойрогт бие даахаа зарлаж байсан. Гэвч түүнийг бас л нэр дэвшүүлээгүй. Л.Наранбаатар АН-ын даргынхаа таалалд нийцээгүй учраас Дарханы намын даргаасаа \”хусуулж\” тэр байтугай намаасаа хөөгдсөн. Тиймээс оймсоо хүртэл шидэж байлаа.
Энэ мэтээр АН-ын дарга намынхаа залуу үед их л хатуурхдаг. Түүнийг АН-ын дарга болсноос хойш намынх нь 25 жилийн ой тохиосон баярын хурал дээр бас хэсэг залуус эсэргүүцээд байсан. Тэднийг Баянхонгор аймагт энэ сонгуулиар нэр дэвшихийг хүсч байсан Д.Мөнх-Эрдэнэ гэдэг залуу тэргүүлж байсан.
Уг нь энэ сонгуулиар жагсаалт устсанаар Баянхонгорт нэг тойрог нэмэгдсэн ч уг залуу намынхаа дарга болон Х.Баттулга нарт таалагдаагүй учир улстөрд \”А\” ч үгүй Олимпийн аварга Н.Түвшинбаярыг нэр дэвшүүлээд түүнийг мартсан. Энэ мэтээр АН-ын дарга нар залуусаа шахсаар байгаа нь энэ аж.
эх сурвалж: gereg.mn