Өнөөдөр Улсын Дээд шүүхэд Гэр Хороолол Хөгжлийн намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Б.Батсүх нарын хүсэлтийг хянан хэлэлцлээ.
Хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн гэж Дээд шүүх үзэж, уг намыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохоор шийдвэрлэв. Ингэснээр Гэр Хороолол Хөгжлийн нам нь нь Монгол Улсад улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхтэй болж байгаа бөгөөд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон бусад хуульд нийцүүлж үйл ажиллагаагаа явуулахыг Дээд шүүх даалгажээ.
Гэр Хороолол Хөгжлийн нам нь улсын бүртгэлд бүртгэлтэй Монгол улсын 31 дэх нам болж байгаа юм.
Мөн өнөөдөр Монгол Ардын нам болон Ардчилсан намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх тухай намуудаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх хэлэлцлээ.
Монгол Ардын намын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Бага хурлын гуравдугаар хуралдааны 06 тогтоолоор намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, тус намын дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэв.
Ардчилсан намын 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 9 дүгээр Их хурлаар баталсан дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт болон мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, тус намын шинэчилсэн дүрэм, мөрийн хөтөлбөрийг бүртгэв.