Өчигдөр ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар төрийн өмчит компани болох “Эрдэнэс Монгол”, “Монголросцветмет” ХХК-уудын удирдлагуудыг дуудаж уулзсан. Уулзалтын үеэр “Монголросцветмет” ХХК-ийн эзэмшлийн Асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлж тухайн асуудлыг яаралтай Засгийн газрын хуралдаанд оруулж ирэхийг үүрэгджээ.
Үүнтэй холбогдуулан ”Монголросцветмет” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхбат “Асгатын мөнгөний ордыг төр бүрэн эзэмшиж байгаа. Тиймээс шилжүүлэх тал дээр хуульзүйн ямар нэгэн асуудал гарахгүй. Манай компанийн зүгээс тодорхой зардал гаргасаныг нөхөн олгоно гэсэн. Нөхөн төлбөрийн хувьд долоон сая ам.доллар гаргасан. Асгатын орд таамаг, нөөцийн хувилбараар яригддаг орд. Үүнийг бодит болгоход 10 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Асгатын мөнгөний ордыг бүрэн судлахад 55-60 сая ам.доллар шаардлагатай” гэсэн байна.
Асгатын ордын эзэмшигчийг сольж байгаа нь “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Оросын талаас шилжүүлэн авах эзэмшигч дээр маргаан гарч байгаатай холбоотой. Учир нь “Монголросцветмет” ХХК нь“Эрдэнэт” үйлдвэртэй цуг монголын талд шилжсэн билээ.