Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан түгжрэлийг бууруулах ажлын хэсэг хуралдаж замын хөдөлгөөний оргил ачааллын цагаар ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг тээвэрлэх, төлөвлөлтийг боловсруулсан байна.
Тодруулбал, хотын хойд, урд, баруун, зүүн зүгээс 4 чиглэлд нийт 12 тээврийн хэрэгслийг өглөө, өдөр, орой гэсэн цагийн хуваарийн дагуу 5-10 минут тутамд үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөжээ. Дээрх 4 чиглэлд 12 автобус нэмж гаргахад 60 орчим сая төгрөг шаардлагатайг хэллээ. Уг чиглэлийг туршихад хүүхдийн автобусанд тавих стандартыг хангасан автобус үйлчилгээнд гаргах, байршил тогтоогч суурилуулах, чиглэл, маршрут, зогсох цагийн хуваарийг нарийн гаргах, мэргэшсэн жолооч ажиллуулах зэрэг арга хэмжээ авах шаардлагатай талаар ажлын хэсгийн хуралдаанд танилцууллаа.
Мөн ажлын хэсгийн дүгнэлтээр “Хүүхдийн автобус” төслийн судалгааг илүү нарийвчлалтай, бодитой байлгах талаар санал хэллээ. Мөн нийслэлээс хэрэгжүүлдэг “Нэг өрх-Нэг ажлын байр” хөтөлбөртэй уялдуулан хүүхдийг сургуульд хүргэх болон, авах үйлчилгээг эцэх эхчүүдтэй хэрхэн хамтран зохион байгуулах тал дээр судалгаа хийхийг ажлын хэсгийн ахлагч П.Баярхүү үүрэг болголоо.
Мөн сургуулийн автобусны нэгтгэл байгуулах, Их тойруу, Энхтайваны өргөн чөлөө орчмын 49 сургуулийг сургуулийн автобустай болгох талаар судалгаа гаргах, эдийн засгийн тооцоолол боловсруулах үүргийг ажлын хэсгийн гишүүдэд үүрэг өглөө.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс