Нийслэлийн Прокурорын газраас олны анхаарлыг татсан хэд хэдэн хэргийг хянаж дуусаад, хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Эдгээр хэргийн дотор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч асан Э.Бат-Үүл болон түүний хүү Б.Чулуудай мөн Ё.Гэрэлчулуун, А.Гантулга, Т.Гэрэлт-Од, Ш.Ганхуяг, Д.Оюунжаргал нарын хүмүүсийг албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, төсвийн хөрөнгийг зориулалтын бус аргаар зарцуулсан, зах зээлийн дунджаас өндөр үнэлгээгээр бараа, үйлчилгээ худалдан авсан гэж үзэж шүүхэд шилжүүлсэн хэрэг ч багтсан байна.
Энэ хэргийн урьдчилсан шатны хэлэлцүүлэг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр болохоор товлогджээ.