Гахайн өвчин Хятадын ихэнх нутгаар гараад байгаа. Тэгвэл манайд ч бас гахайн мялзан өвчин гарсан гэдгийг албаныхан мэдээлж байна. Гахайн мялзан өвчин нь хүнд халдварладаггүй. Гэхдээ өвчтэй гахайн махыг хүнсэндээ хэрэглэвэл мэдээж аюул учруулж болзошгүй. Тиймээс гахайн махны хэрэглээг хязгаарлахыг зөвлөж байгаа.
ikon сайтад нийтлэгдсэн мэдээлэлд:
Улаанбаатар хотод гахайн мах нийлүүлж буй 74 цэг дээр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар ажиллаж дээж авсан байна. Гурав хоногийн хугацаанд нийт 100 гаруй дээж авсан бөгөөд үүний 50 хувьд мялзан өвчний ДНХ илэрчээ. Мөн зарим ААН-ийн хоолны үлдэгдлээс мялзан өвчний ДНХ илэрсэн байна.
Улсын хэмжээнд 31 мянган гахай тоологдсон. Үүний 17 мянга нь нийслэлд бий. Одоогоор 130 аж ахуйн нэгжийн 17 мянган гахайг голомтын цэгт нь хориглолт тогтоож, халдваргүйжүүлэлтийг хийнэ гэж мэргэжлийн хяналтаас мэдээлж байна. Мөн импортыг тодорхой хугацаагаар зогсоохоор ажиллаж байгаа. Түүнээс гадна орж ирсэн бүтээгдэхүүн дээр хяналт тавьж ажиллахад анхаарна гэв.