Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Ази, Европын Сангийн сайд нарын уулзалтад оролцохоор Улаанбаатарт хүрэлцэн ирсэн Олон улсын валютын сангийн дэд тэргүүн Мицухиро Фурусаваг өнөөдөр (2016.6.9) хүлээн авч уулзлаа.
Олон улсын зах зээлд эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнийн уналт үргэлжилсэн хэвээр байгаа боловч манай макро эдийн засгийн үзүүлэлтүүд өнгөрсөн оныхоос сайжирч, эдийн засагт нааштай хандлага бий болж байгааг Ерөнхий сайд дурдаад Оюутолгойн далд уурхайн төслийн санхүүжилт шийдэгдэж, Гацууртын алтны орд эдийн засгийн эргэлтэд орох нөхцөл бүрдэж байгаа зэрэг нь байдлыг улам дээрдүүлнэ гэж хэллээ.
Ноён Мицухиро Фурусава Монголын эдийн засгийн ойрын төлөв гэгээлэг байна гэдэгт итгэж байгаагаа онцлоод Олон улсын валютын сан Монгол Улсыг цаашид ч дэмжинэ гэв.
Монгол Улсын Засгийн газар одоогоор Олон улсын валютын сантай хамтран тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлээгүй боловч төсвийн бодлогын асуудлаар тус сантай хамтран ажилладаг юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба мэдээлэв.