Чи яг одоо алхаж байна. Хаашаа явааг чинь хэн ч мэдэхгүй. Чи л хаашаа явж, хаа хүрэхээ мэднэ. Зарим нь чамайг буцахыг, зарим чамайг хурдан гүйлгэхийг, зарим нь чамайг зүгээр л зогсох ёстой гэж ятгана.
Хамгийн ихээр дэмжиж байсан хүн чинь хамгийн ихээр урмыг чинь хугалах үе ч ирж магадгүй. Гэхдээ битгий зогс найз минь. Чиний очих газар чи л амьдарна. Бусад нь чамайг дэмжээгүй дээ, хамт алхаагүй дээ харамсах болно.
Чи ядарч байна уу? Зүгээр суучихмаар, болиод буцаад алхачихмаар үе ирчихээд яах учраа олохгүй зогсож байгаа юм биш биз. Ер нь урт замын дунд бууж өгмөөр санагддаг үе олон бий л дээ. Гэвч яагаад эхэлснээ, яагаад энэ замыг сонгосноо, яагаад тэдгээр хүмүүсийг золиосолсноо л сана.
Заримдаа юм бүхэн хэцүү санагддаг. Тас харанхуй шөнө шиг. Гэвч харанхуй шөнө бүрийн дараа нар мандаж, өглөө болдог гэдгийг бүү мартаарай … Энэ бол чиний л сонгосон зам. Хариултыг нь чи л мэднэ. Амжилт хүсье.