Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 7/29, 12/43, 14/02 дугаар тогтоол, 2014 оны 19/23 дугаар тогтоол, 2018 оны 127 дугаар тогтоолоор гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийг хэрэгжүүлэх 25 байршил, 76 хэсэгчилсэн талбайг баталсан. Тус батлагдсан 25 байршил 76 хэсэгчилсэн талбай нь 16,317 нэгж талбар бүхий 1516.6 га газрыг хамарч байгаа бөгөөд гэр хорооллын нутаг дэвсгэрийн 14 хувь, хүн амын 9 хувийг эзэлж байна.
Одоогийн байдлаар батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөөр 89,968 айлын 961 блок орон сууцны барилга баригдахаар төлөвлөгдсөн байна. Энэхүү 89,968 айлын орон сууц ашиглалтад орсноор гэр хорооллын 41.5 хувь орон сууцанд орох боломжтой болох юм.
Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд айлын газрыг чөлөөлж, 7,227 айлын орон сууц ашиглалтад оруулж, 1,712 нэгж талбарын газрыг чөлөөлж, орон сууцанд оруулан 5,001 айлын яндан буюу агаарын бохирдуулж буй эх үүсвэрийг байхгүй болгосон.
Нийслэлийн зүгээс 3 талт гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 117,3 тэрбум төгрөгийг гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн инженерийн шугам сүлжээний зураг төсөл, барилга угсралтын ажилд зарцуулаад байгаа.
Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд хэрэгжиж буй “Дэд бүтцийн төв” төсөлд хамрагдсан 280 айл өрхөөс 73 айлын байшин сууцыг дулаалгын аянд хамруулж, дулаан алдагдлыг багасгасан.
“Дэд бүтцийн төв”-ийг барьж байгуулах ажлыг Чингэлтэй дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрийн 220 нэгж талбарыг хамарсан 14 га газарт хэрэгжүүлж байна. Чингэлтэй дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрийн 220 нэгж талбарыг хамарсан 280 айл өрхийг Дэд бүтцийн төвд холбоно. Төслийн талбайд хамрагдсан 280 айл өрхийг дулаан, цахилгаан, холбоо дохиолол, цэвэр, бохир усан хангамжаар хангана. Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд хэрэгжиж буй “Дэд бүтцийн төв” төслийн инженерийн шугам сүлжээний эхний ээлжийн ажил, Дэд бүтцийн төвийн барилга угсралтын ажил хийгдэж дууссан. Эхний ээлжийн айлуудад инженерийн хангамжийг өгөх туршилтын ажил хийгдэж байна.
Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд хэрэгжиж буй “Дэд бүтцийн төв” төсөлд хамрагдсан 280 айл өрхөөс 73 айлын байшин сууцыг дулаалгын аянд хамруулж, дулаан алдагдлыг багасгасан гэж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан танилцууллаа.