УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлага, ажилтнуудтай уулзлаа. Улсын Их Хурлаас 2002 онд баталсан Монгол Улсын Их Хурлын Стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар УИХ-ын Тамгын газрын Мэдээлэл, хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн бэлтгэсэн тайлан илтгэлийг тус хэлтсийн дарга Б.Эрдэнэбилэгт танилцуулсан байна.
Үүний дараа УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлж, Тамгын газрын ажилтнуудад холбогдох үүрэг даалгавар өгөв.
Би та бүхэнд Улсын Их Хурал, түүний Тамгын газраас цаашид хэрэгжүүлэх зорилт, чиглэлийн талаар 5 зүйл хэлье.
Нэгдүгээрт, бид парламентат ёс, парламентын засаглалын нэр хүндийг өргөх асуудалд онцгой анхаарах хэрэгтэй байна. Социологийн 10-аад байгууллагын хийсэн судалгаагаар хамгийн нэр хүндгүй институцүүдийн нэгийн тоонд парламент орж байна. 10 онооны үнэлгээтэй хийгдсэн судалгааг үзэхэд /хамгийн сайн нь 10, хамгийн муу нь 1 оноо/ парламентын үнэлгээ 2 гэсэн дүнтэй байна. Таван баллаар үнэлэхэд “хоёр авах” юм бол “муу сурлаа” гэдэг шүү дээ. Бусад институцтэй харьцуулахад энэ бол эрс доогуур үзүүлэлт.
Хоёрдугаарт, УИХ-ын ээлжит чуулганы завсарлагаанаар гишүүд тойрогтоо ажиллаж, иргэд сонгогчидтойгоо уулзах, тэдний санал бодол, хүсэл зоригийг мэдрэхээр хөдөө орон нутгийг зорьдог. Үүнийг дагаад Тамгын газрын ажилтнуудын идэвх, санаачилга буурдаг, аль аль талдаа амралт, чөлөөт цаг шиг ойлгоод байгаа байдал ажиглагддаг. Хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагчаас чиглэл хүлээж суух байдал ч үүсдэг.Ингэлгүйгээр завсарлагааны хугацаанд хууль тогтоомжуудын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, төсөл хариуцсан Байнгын хорооны ажлын алба, төслийн эхийг барьж буй зөвлөхүүд холбогдох судалгаа, лавлагаа гаргах, зарчмын зөрүүтэй саналаа томъёолох зэргээр бэлтгэл ажлыг сайтар хангах шаардлагатай байна.
Гуравдугаарт, Агуулгаа дагаад парламентад хэлбэрийн өөрчлөлтүүдийг ч хийх шаардлагатай. Жишээлбэл, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны танхимын дотоод зохион байгуулалт, байнгын хороодын хуралдааны зохион байгуулалтын асуудлыг олон улсын парламентын нийтлэг жишигт нийцүүлж, эрүүл саруул мэтгэлцээн өрнөдөг хэлбэр лүү оруулах хэрэгтэй. Парламентын хуралдаан популизмын талбар, хэрүүлийн танхим байж болохгүй гэдгийг давтан хэлье.
Дөрөвдүгээрт, УИХ-ын нэр хүндийг сайжруулж, олон нийтийн санал бодол, шинжлэх ухааны баримт нотолгоонд үндэслэсэн парламентын мэтгэлцээн өрнөсөн талбар болгоход дан ганц хуулийн шинэчлэл хангалтгүй. Байнгын хороодын ажлын алба өргөн мэдүүлсэн төсөлтэй холбоотой судалгаа, лавлагаагаар гишүүдийг сайтар хангадаг болох хэрэгтэй байна. Шинэ мэдээ, мэдээлэл цуглуулж өгөх, олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах зэргээр бүтээлч санаачилга гаргаж, үр дүнтэй ажиллахыг хүсье. Энэ чиглэлээр намын бүлгийн ажлын алба, гишүүдийн туслах, зөвлөхүүдтэй хамтран ажилладаг практик баг бий болгох хэрэгтэй.
Тавдугаарт, Монгол Улсын Их Хурал Үндсэн хуульд захирагдах ёстой. Засгийн газар бол Үндсэн хууль, бусад хууль тогтоомжуудыг биелүүлэх, хэрэгжүүлэх үүрэгтэй. УИХ-ын философи бол Үндсэн хуулийн зарчимд нийцэж ажиллах явдал юм. Ард түмний хүсэл зоригийг илэрхийлсэн хууль тогтоох үндсэн үүргээ ажилтан бүхэн дор бүрдээ ухамсарлаж, ажиллах хэрэгтэй байна.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс