“Санаандгүй учирсан дурлал,” “Эрхэмсэг”, “Зүгээр л инээмсэглэ”, “Сэтгэлийн зурвас”, “Бусдын дурласан зүрх”, “Санаж явах ээжий” зэрэг уран бүтээлээрээ бүсгүйчүүдийг байлдан дагуулж байгаа МУСТА дуучин Энхболдын Чулуунчимэгийн “Бүсгүй ертөнц” дөрөв дэх цомгийн баяр энэ сарын 16-ны өдөр Хүннү Моллд амжилттай болж өндөрлөлөө.
Энэ үеэр МУСТА Э.Чулуунчимэгтэй цөөн хором ярилцлаа.
-“Бүсгүй ертөнц” дөрөв дэх цомгийн баяраа хийж байгаад нь баяр хүргэе. Цомогт хэчнээн уран бүтээл багтсан бэ?
-Баярлалаа. “Бүсгүй ертөнц” цомог маань сар шинийн өмнө хэвлэлтээс ирлээ. Энэхүү цомог маань бүсгүй хүний дотоод сэтгэлийн илэрхийлэл болсон 15 дуунаас бүрдсэн байгаа. “Зүгээр л инээмсэглэ” дууг хоёр жилийн өмнө дуулснаас хойш миний уран бүтээлийн уран сан ихэвчлэн бүсгүй хүний дотоод сэтгэлийн гоо сайхан, эрч хүч, өөртөө итгэх итгэлийн сэрээсэн сэдвийн уран бүтээл зонхилох болсон. Ер нь үзэгчдийн хүсэлт, хөгжмийн зохиолч, яруу найрагчдаас ирсэн дуунуудын санал ч тэр. Хэрвээ тийм сэдвийн дуу хийчихвэл Э.Чулуунчимэгээр дуулуулан гэж зохиогчид маань над руу түрүүлж ханддаг хандлага бий болсон. “Зүгээр л инээмсэглэ” цомгоо гаргаснаас хойш хийсэн шинэ уран бүтээлүүдээ нэгтгээд “Бүсгүй ертөнц” цомгийн баяраа хийж байна.
“Бүсгүй ертөнц” цомогт маань нэг үеийн уран бүтээлч найз дуучин Д.Найдандорж, Э.Чинбаяр хоёртойгоо хамтран дуулсан “Бид нэгэн үеийнхэн” шинэ дуу багтсан. Мөн дуучин Б. Алтанжаргал ахтай дуулсан “Арван тавны сар” зэрэг дуунуудаас бүрдсэн сэдэв сэдвийн дуунууд багтсан байгаа.
– Охинтойгоо хамтран дуулсан “Хамгийн гоё хайр” дуу тань аль хэдийнээ ээж охидын сонсох дуртай дуунуудын нэг болжээ. Анх энэхүү дууг охиндоо санал болгоход хэрхэн хүлээж авсан бэ?
-“Хамгийн гоё хайр” дууг охин минь санаачилсан. “Зүгээр инээмсэглэ” дууг А. Эрдэнэцэцэг буюу Энжигээр дуулуулсан чинь хүүхэд болсон хойно ээжийнх нь дууг өөр хүүхэд дуулсан болохоор сэтгэл нь гонсгор байгаад байсан. Удалгүй миний охин ээжээ би тантай хамт дуулмаар байна гэсэн л дээ. Би охиныхоо хоолойг сайн сонсож үзээгүй явсан. Тэгээд өнгөрсөн зун нэг арга хэмжээ дээр микрофон өгөөд охиныгоо дуулуулсан чинь мундаг дуулж байна. Тэгэхээр нь охиныхоо ээждээ хэлдэг бүх үгнүүдээр дуу зохиолгох бодол төрөөд яруу найрагч Б.Болорцэрэн эгчээр шүлэг бичүүлсэн. Ерөнхийдөө бүсгүйчүүд, охидууд миний фэнүүдийн 70-80 гаруй хувийг бүрдүүлчхээд байна. “Бүсгүй ертөнц” тоглолтын дараагаар хүүхдийн ертөнцөд зориулсан цомог, тоглолт хийе гэж бодож байгаа.
-“Бүсгүй ертөнц” шинэхэн уран бүтээлээр нэрлэгдсэн тоглолт энэ сарын 22-нд болно. Тэгвэл энэхүү уран бүтээл хэрхэн мэндэлсэн талаар түүхээсээ хуваалцахгүй юу?
-Яруу найрагч Б.Болорцэрэн эгчид анх “Хайрт хүүхнүүдээ” нэртэй шүлэг байсан. Сүүлийн үед яруу найрагч Б.Болорцэрэн эгчтэй гар нийлэн ажиллаж байна. “Хайрт хүүхнүүдээ” шүлгийг жилийн өмнө хараад “энэ миний шүлэг шүү, өөр хүнд өгч болохгүй шүү” гээд өмчлөөд авчихсан /Инээв/. “Бүсгүй ертөнц” дууны аяыг энэ жилийн “Авьяаслаг Монголчууд” шоуны шилдэг наймд үлдсэн залуу ая зохиогч Д.Бердибек дүү маань зохиож өгч “Бүсгүй ертөнц” дуу маань бүтсэн түүхтэй. Тоглолтын өмнө “Бүсгүй ертөнц” дуугаа клиптэй болгоод хүргэх байсан ч байгалийн үзэсгэлэн гоо энэ дуунд маань орох ёстой юм шиг санагдаад клипнийхээ зураг авалтыг түр хойш нь тавьсан байгаа. Зуны дэлгэр цагаар “Бүсгүй ертөнц” дууныхаа клипийг сонсогчдодоо хүргэхээр төлөвлөн ажиллаж байна.
“Бүсгүйн ертөнц” цомогт дуучин Э.Чулуунчимэг охин Б.Аялгуутайгаа хамтран дуулсан “Хамгийн гоё хайр”, “Зөндөө хайртай”, “Амин үр минь”, “Дэндүү хайртай”, “Нандин хурим” зэрэг шинэ уран бүтээлүүд болон “Бүсгүйн ертөнц” тоглолтын нэрээр нэрлэгдсэн “Бүсгүйн ертөнц” шинэхэн уран бүтээл багтжээ.