НИТХ-ын ээлжит XXII хурал өнөөдөр 09:00 цагаас товлогдсон. Гэсэн ч төлөөлөгчдийн ирц бүрдээгүйгээс, хурал товлосон цагтаа эхэлсэнгүй. Өнөөдрийн хурлаар:
НИТХ-ын даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай,
НИТХ-ын даргыг сонгох тухай,
Орон нутгийн хамгаалалтад авах тухай,
Авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтоох тухай асуудлуудыг хэлэлцэхээр тогтжээ.
НИТХ-ын дарга С.Амарсайхан Нийслэлийн Засаг даргаар томилогдсон учир түүний оронд хэнийг томилох вэ гэдэг марафон НИТХ дахь МАН-ын бүлгийн төлөөлөгчдийн дунд өрнөж байна. МАН-ын Удирдах зөвлөлөөс НИТХ-ын даргад НИТХ-ын төлөөлөгч Р.Дагвыг нэр дэвшүүлсэн байна. Тодруулбал, өмнө нь буюу Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх хүнийг тодруулах үеэрээ УЗ-өөс НИТХ-ын даргад Р.Дагвыг нэр дэвшүүлэхээр тогтсон гэлээ.
Харин заалнаас хоёр ч төлөөлөгч нэрээ дэвшүүлэхээр яригдаж байгаа гэсэн мэдээлэл байна.
Хуралдааны үеэр 15:00 хүртэл хойшилж байгааг НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Р.Дагва мэдэгдлээ. Хойшлуулж байгаа нь Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан шинэ цэвэрлэх байгууламжийн шав тавих арга хэмжээнд оролцоод эзгүй байгаатай холбоотой хэмээн тайлбарлав. Харин НИТХ дахь АН-ын бүлгээс эхлээгүй хурлыг хойшлуулж, завсарлуулж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл. Мөн НИТХ-д олонх болсон МАН дараагийн даргыг нэр дэвшүүлэх асуудалд байр сууриа нэгтгэж чадаагүй нь эндээс харагдаж байна хэмээн мэдэгдлээ.