Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга, эрдэмтэн, профессор Жамбын Батмөнх агсны мэндэлсний 93 жилийн ой энэ сарын 10-ны өдөр тохиолоо. Жил бүр Монгол Ардын Намын зүгээс түүний гэргий А.Даариймаа, ар гэрийхэнд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Гэргий А.Даариймаа гуай өдгөө 89 насыг зооглоод буй. Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий хорооны дарга Д.Батбаатар, Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар, Хүний нөөцийн хэлтсийн дарга Ч.Сүнжидмаа нар хамт олноо төлөөлөн гэргий А.Даариймаа дээр хүрэлцэн очлоо.
Ардчилсан хувьсгалыг тайван замаар эхлүүлж, өнөөгийн төр нийгмийг цогцлоон бүтээхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан гэдгээр нь Ж.Батмөнх агсныг Монголчууд бид мэднэ. Тиймээс ч жил бүр Ардчилсан хувьсгалын ой, хүний эрхийн өдөр арванхоёрдугаар сарын 10-нд Монгол ардын намын удирдлагууд болон түүнтэй мөр зэргэцэн алба хааж байсан хамт олон нь түүний хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлдэг билээ.
XX зууны бүтээн байгуулалт, эрчим хүч, уул уурхай геологийн хөгжлийн түүхийг төрийн тэргүүн Ж.Батмөнх агсангүйгээр төсөөлөхийн аргагүй юм.
Жамбын Батмөнх нь 1948 онд одоогийн МАН буюу тухайн үеийн МАХН-д гишүүнээр элссэн бөгөөд 1973 онд МАХН-ын Төв Хорооны Шинжлэх ухаан, боловсролын хэлтсийн эрхлэгчээр, 1974 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, мөн оны зургаадугаар сард БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга буюу Ерөнхий сайдаар тус тус томилогдон ажиллажээ. 1984 оныг хүртэл БНМАУ-ын 13 дахь Ерөнхий сайдаар, 1984-1990 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн даргаар буюу Төрийн тэргүүнээр ажиллаж байв.
Засгийн газрын тэргүүнээр томилогдон ажиллаж байх хугацаандаа үйлдвэрлэлийг хөгжүүлэх, техникийн бааз байгуулахыг уриалснаар 1970-аад оноос эдийн засаг, нийгмийн хөгжил хүчээ авсан гээд Ж.Батмөнх агсны байгуулсан гавъя их.