Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд буцалтгүй тусламжаар “Хавдар судлалын Үндэсний төвийн дээврийн засварын төсөл”-ийг хэрэгжүүлэхээр болсон байна. Уг төслийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өчигдөр болсон бөгөөд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд М.Такаока, Хавдар судлалын Үндэсний төвийн захирал Ж.Чинбүрэн болон бусад албаны хүмүүс оролцсон байна.
ХСҮТ-д жилдээ 2646 мэс заслыг хийдэг. Эмчилгээний үр дүн 98.2 хувьтай буюу маш өндөр дүнтэй эмнэлгийн тусламж үзүүлдэг Монголын цорын ганц эмнэлэг. Эмнэлэгийн хувьд тулгамдсан асуудлуудын нэг нь дээврээс ус дусалдаг асуудал юм. Төслийн хүрээнд уг асуудлыг шийдвэрлэснээр иргэдэд үйлчилгээ үзүүлэхэд тулгамддаг гол асуудлын нэг бүрэн арилна.
Хавдар судлалын төвийн дээврийн засварын тухайд:
Нийт батлагдсан төсөвт өртөг 721,389,129 төгрөг байна. Үүнд А, Б, В, Г, Д, Е, Ж, К, Л блокууд орох бөгөөд нийт талбай нь 6118,6 мкв байна. Ингэхдээ
1. “Өвсний-Үндэс” хөтөлбөрийн хүрээнд 79,186 ам.доллар /2640 төгрөг/ буюу 209,051,040 төгрөгийн тусламж үзүүлж байна.
Б блок 79,577,290 төгрөг /776.3 мкв/
В блок 72,467,370 /663.6 мкв /
Г блок 3,324,771 төгрөг /420.1 мкв /
Нийт: 205,68,771 төгрөг /талбай:1860 мкв/
2. Эрүүл мэндийн Яамны хөрөнгө оруулалтаар 426,000,000 төгрөг тусламж үзүүлнэ.
Ингэхдээ А, Д, Е, И, Ж, К, Л блокуудын нийт 4258.6 мкв талбайд тус тус засвар хийгдэхээр болжээ.
Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд М.Такаока:
“1990 оноос хойш “Өвсний үндэс” хөтөлбөр хэрэгжээд 500 гаруй төсөл хэрэгжсэн байна. Тухайн бүс нийгмийн ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх гол зорилготой байдаг. Өнгөрсөн жил Хирошима хотод их хэмжээний бороо орж, Япон улс хүнд нөхцөл байдалтай байх үед Монгол Улсаас баяр наадмын үе нь байсан хэдий ч бидэнд туслалцаа үзүүлсэн явдалд их талархсан. Мөн зун Хавдар судлалын Үндэсний төвийн дээврээс дусаал гоожиж хүнд байдалтай байгааг бид сонссон. Тиймээс дотны анд Монгол Улсдаа ямар нэгэн юм хийх боломж байна уу гэж судлаад өнөөдөр ажил хэрэг болгон дээврийг засварлах төсөлд гарын үсэг зурах болсондоо баяртай байна” гэв.