Хэрэглэгчид Google компанийн зарим үйлчилгээг өнгөрсөн шөнөөс эхлэн ашиглах боломжгүй болсон байна. Google компани уг асуудлыг шалгаж байгаагаа мэдэгдсэн ч гэмтлийн шалтгаан болон гэмтэл хэдий хугацаанд үргэлжлэхийг мэдэгдээгүй байна.
Цахим шуудангийн Gmail үйлчилгээ нь дэлхий даяар нэг тэрбум гаруй хэрэглэгчтэй юм. Хэрэглэгчид цахим шуудан илгээх, хүлээн авах үед ямар нэг алдааны мэдэгдэл гарч ашиглах боломжгүй байгаа аж.
Үүнээс гадна Google Drive, Google Maps үйлчилгээнүүд нь ч доголдсон байна. Google Drive үйлчилгээний хэрэглэгчид файл татах, хуулах үед алдаа гарч байгаа юм. Харин Google Maps-ийн Street View үйлчилгээг ашиглах үед байрлалын фото зурагны оронд бүхэлдээ хар дэлгэц гарч байгаа гэнэ. Энэхүү алдаанууд нь АНУ, Европ, Ази, Австрали, Өмнөд Америкийн хэрэглэгчдийг хамарчээ.