Бөхийн спортын 23 хүртэлх насны залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 21-нд “Буянт-Ухаа” спортын ордонд эхэлнэ. Анхдугаар тэмцээнд Монгол, БНХАУ, Иран, Кыргызстан, Энэтхэг, Сингапур, Казахстан, Тажикистан, Туркменистан, Тайвань, Йемень, Узбекистан гэсэн 12 орны 200 гаруй тамирчин оролцох юм. Тэмцээнд оролцох орны бөхчүүдийн түрүүч өнөөдрөөс эхлэн нийслэлд хүрэлцэн ирж байна.
Манай улсаас бөхийн гурван төрөлд (сонгомол бөх, чөлөөт бөх эрэгтэй, эмэгтэй) 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт Г.Ганхуяг, Ц.Намуунцэцэг, Залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Э.Дэлгэрмаа, Б.Халиунаа, хүрэл медальт Э.Тэмүүлэн, өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт Б.Хонгорзул, өсвөр үеийн Азийн аварга Т.Тулга, Ө.Пүрэвсүрэн тэргүүтэй 30 тамирчин хүч сорих юм.