Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтөнд хамрагдсан иргэдийн буцаан олголтыг ирэх долоо хоногоос эхлэн олгож эхэлнэ.
Шинээр орон сууц худалдан авсан болон их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг төлсөн иргэд энэхүү хөнгөлөлтөнд хамрагдаж, буцаан олголтыг авдаг билээ. Энэ удаад 2018 оны тайланд татварын хөнгөлөлт эдлэх 66 772 иргэний 38.7 тэрбум төгрөгийг буцаан олгохоор болжээ.
Эдгээрээс орон сууц шинээр худалдан авсан 34 868 иргэнд 29.1 тэрбум, сургалтын төлбөр төлсөн 31 904 иргэнд 9.6 тэрбум төгрөгийг буцаан олгохыг хүсчээ.
Нийслэлийн татварын алба иргэдийн материалыг хянаж үзээд, буцаан олголт авах эрх үүссэн эхний ээлжийн 20 мянган иргэний материалыг Төрийн сан руу илгээжээ. Төрийн санд ирүүлсэн эхний ээлжийн иргэдийн материалыг журмын дагуу хянуулахаар арилжааны банкууд руу илгээсэн аж. Энэхүү материалыг банк гурав хоногт багтаан хянах үүрэгтэй бөгөөд ирэх долоо хоногоос хуваарийн дагуу татварын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ.