Улаанбаатар хотноо “Ази тивийн 3.3” бүсийн аварга шалгаруулах шатрын тэмцээнийг УИХ-ын дэд дарга Я.Санжмятавын ивээл дор БСШУСЯ, нийслэлийн ИТХ, “Монголын шатрын холбоо” хамтран анх удаа зохион байгуулах гэж байна. Чансаагаараа Ази тивийн хоёр дахь нэр хүндтэй тэмцээн бөгөөд энэ сарын 6-16-ны өдрүүдэд үргэлжлэх аж. Энэхүү тэмцээнд оролцогчид есөн өрөг тоглох бөгөөд тэмцээний аварга болон дэд аварга нар “Дэлхийн цом”-д оролцох эрхтэй болох юм. Харин шилдэг эмэгтэй шатарчин “Эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах” тэмцээнд оролцох эрхтэй болно.
Энэхүү тэмцээнд оролцохоор Монгол, Индонез, Вьетнам, Филиппин, Өмнөд Солонгос, Малайз, Хонгконг улсын 100 орчим шатарчин бүртгүүлжээ. Тэдний дотор Филиппин улсын тамирчин Азийн анхны Их мастер Eugene-Torre, Индонез улсын тамирчин Их мастер Susanto Megaranto, Вьетнам улсын тамирчин Их мастер Tran MinThang, Индонез улсын тамирчин олон улсын хэмжээний мастер Novendra Priasmo, Вьетнам улсын олон улсын мастер Tran Tuan Minh нар багтаж байгаа бөгөөд Монгол Улсаас Их мастер Б.Хатанбаатар, Б.Гүндаваа, Ц.Батчулуун, Б.Мөнгөнтуул тэргүүтэй тамирчид оролцоно. Тэмцээний Ерөнхий шүүгчээр олон улсын шүүгч Г.Оюунчимэг, туслах шүүгчээр олон улсын шүүгч Jamie Kenmure нарын тэргүүтэй 11 шүүгч ажиллах юм.
Мөн тус тэмцээний үеэр олон улсын дасгалжуулагчийн сургалт, олон улсын шүүгчийн сургалт, “Монгол Шатар” олон улсын нээлттэй тэмцээн зохион байгуулагдана
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ