Юуны өмнө нэгэн зүйлийг хэлэх гэсэн юм. Мазаалай,
панда, цагаан баавгай гурвуулаа л баавгай. Гурвуулаа л устаж үгүй болж буй
амьтад. Мазаалай зөвхөн Монголд байдаг бол, панда Хятадад, цагаан баавгай хойд
туйлд амьдардаг.
Тэгтэл өнөөдрийн байдлаар мазаалай 27 /үүний гурав нь л эмэгчин/,
панда 1600 гаруй, цагаан баавгай 20 мянга гаруй тоо толгой байна. Хятад болон
бусад улс орнууд панда, цагаан баавгайг яаж хамгаалж, яаж дэлхийн нийтийн
анхаарлыг хандуулж, яаж бусдаар хайрлуулж байгаа билээ дээ. Өдгөө пандаг брэнд
болтол нь хөгжүүлж, пандагийн зураг, хэлбэртэй бэлэг дурсгалын зүйлс, тэр ч бүү
хэл хүүхэлдэйн кино хүртэл бүтээж ашиг олж, олсон ашгаасаа пандагаа хамгаалж
байна. Олон улсын амьтны хүрээлэнгүүд ч Хятадаас панда гуйж авдаг болж.
Харин
манайх тун удахгүй мазаалай хэмээх амьтангүй болж, сүүлд нь хэзээ ч харамсаад
барахгүй зүйл болоход ойрхон байна. Мазаалайгаа ашиглаж мөнгө олох, \”Мазаалай
бонд” гаргаж нэрийг нь худалдаж идэхээс өөрийг чадахгүй юм гэж үү дээ.
ОХУ-ын хамгийн
алдартай рок хамтлаг \”Звери” /Араатнууд/ Монголоос өөр хаана ч байхгүй мазаалай
баавгайд устах аюул тулгараад буйг ухаарч, Улаанбаатарт буяны тоглолт хийхээр
болжээ. Тэд Монгол Улсаас олсон орлогынхоо багагүй хувийг мазаалай баавгайг
хамгаалах санд хандивлах аж. \”Мазаалайн төлөө дуулья” нэртэй энэхүү тоглолт
магадгүй цагаан баавгайнаас илүү хүнд нөхцөлд, идэш тэжээлгүй амьдарч буй
мазаалай баавгайнуудыг хамгаалахад бага ч болов тус нэмэр болох биз ээ.