Сүүлийн өдрүүдэд эрчимтэй яригдаж байгаа Туул голын хөвөөн дээр амралт, аялал жуулчлалын төсөл хэрэгжүүлэх гэж буй “Зүүнбаян рэйфанери” компаниас өнөөдөр тайлбар хийлээ.
“Зүүнбаян рэйфанери” компанийн захирал О.Сайнбаяр “Энэ төсөл бол сэтгэл, итгэлээрээ нэгдсэн хэсэг залуус улс орондоо дэлхийн жишигт нийцсэн цогцолбор байгуулах зорилготойгоор эхлүүлсэн ажил. Бид улстөржихгүй, чимээгүй л явъя гэж бодсон юм. Хэдэн залуус хэдэн жилийн турш хоорондоо ярьж хөөрч байж энэ төслийг эхлүүлсэн. Хэрэв тусгай хамгаалалттай газар нутагт олгосон тэр бүх зөвшөөрлөө цуцлаад нураавал хамаа алга, би ч гэсэн нураая. Битгий ингэж улстөржүүлээч” гэсэн юм.
Үнэн шүү дээ. Анх санаа нийлсэн хэдэн залуу аялал жуулчлалын төсөл хэрэгжүүлэхээр шийдэн газар хайн явсаар энэ газрыг олжээ. Дэд бүтэц хөгжсөн, нийслэлээс холгүй учир уг газрыг сонгож, газар эзэмшигч компанийн захиралтай уулзан төслөө танилцуулжээ. Тухайн хүн нь төслийг дэмжсэнээр 2014 оноос төслийн ажлаа эхлүүлсэн байна.
Залуус газрыг өөрсдийн нэр дээр шилжүүлж авах гэж БОАЖЯ-нд хоёр ч удаа хандан албан бичиг илгээсэн боловч яамнаас тусгай хамгаалалттай газрын эзэмшигчийн нэр шилжүүлэхгүй гэсэн хариу өгсөн байна. Иймээс уг төслөө “Зүүнбаян рэйфаннери” компанийн нэр дээр үргэлжлүүлэхээр шийджээ.
Ингээд газрын асуудлаа шийдсэн залуус төсөл хэрэгжүүлэх ажилдаа шуурхайлан оржээ. Гэтэл монгол улсын хууль гурав хоног гэгчээр тус газрын нь эрхийг шинэ томилогдсон сайд цуцласан байна. Энэ тухай шийдвэрийг 2017 оны зургадугаар сард гаргасан хэдий ч залууст мэдэгдээгүй аж. Уг шийдвэрийн тухай дуулсан залуус хөөцөлдсөөр 2018 оны тавдугаар сарын 8-нд уг шийдвэрийг олж авсан байна. Ингээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болсон залуус Захиргааны хэргийн шүүхэд өргөдөл гаргаж, төсөл бүрэн зогсчээ.
Эндээс харахад манай төр засгийн ажилд залгамж халаа огт алга. Эзэмшиж буй газрынх нь эрхийг цуцалсныг бүтэн жилийн дараа хэвлэл мэдээллийн хэрэгслээс анх мэдэж байна гэдэг яавч шудрага биш нийгмийн дохио. Нийслэл хотдоо аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой эдгээр залуус монголдоо юм бүтээе гэхэд нь төр засаг ингэж дарж байж болохгүй л дээ. Аялал жуулчлалыг хөгжүүлье гэвэл бүтээн байгуулалт хийгдэх л ёстой. Төр засгийн залгамж халаа байхгүй байгаа нь эдгээр залуусын буруу биш биз дээ.