Капитал банкны харилцах болон хадгаламж эзэмшигчдийн 20 хүртэлх сая төгрөгийн дүнтэй нөхөн төлбөрийг Хаан банкаар дамжуулан олгохоор шийдвэрлэсэн билээ. Үүнтэй холбогдуулан Хадгаламжийн даатгалын корпорациас нөхөн төлбөр авах иргэдийн жагсаалтыг Хаан банкинд хүргүүлж өнөөдрөөс эхлэн нөхөн төлбөрийг олгож эхэллээ. Энэхүү нөхөн төлбөрийг нийслэлд 19 тооцооны төв, орон нутагт 16 аймгийн 32 тооцооны төвөөр дамжуулан олгохоор төлөвлөжээ.
Хадгаламж эзэмшигч нь өөрийн биеэр хүчинтэй бичиг баримттай ирж ямар нэгэн шимтгэл, хураамжгүйгээр нөхөн төлбөрөө авах юм. Харин иргэний үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн бол гадаад паспорт, Улсын бүртгэлийн тамгатай лавлагаа авчран авах эрхтэй болох юм. Харин гадаад суугаа, биечлэн ирэх боломжгүй иргэд бичгээр гаргасан итгэмжлэлтэй итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан авах боломжтой юм.
Капитал банкинд 20 сая төгрөгөөс дээш дүнтэй харилцах, хадгаламж эзэмшигчдийн хувьд 20 сая төгрөгийн нөхөн төлбөрийг ХААН Банкаар дамжуулан шууд хүлээн авна. Харин үлдсэн мөнгөн дүнг Капитал банкны эрх хүлээн авагчид хандан нэхэмжлэл гаргаснаар авах эрх нь үүсэх аж.