Өнөөдөр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдлаа. Энэ удаагийн хуралдаанаар Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээний төсөл болон Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Б.Дэлгэрмааг эгүүлэн татах зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Б.Дэлгэрмааг эгүүлэн татах асуудлыг байнгын хороонд Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Тэгшжаргал уншиж танилцууллаа. Ерөнхийлөгчийн зүгээс холбогдох хуульд заасны дагуу улс төрийн аливаа нам, эвсэл хөдөлгөөний үйл ажиллагаанд оролцохгүй байх, улс төрийн намын гишүүн байхыг хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд хориглосныг зөрчиж, АН-ын дэд даргаар сонгогдоод байгаа Б.Дэлгэрмааг эгүүлэн татах саналыг гаргажээ.
Энэхүү асуудалтай холбогдуулан асуулт тавьж, үг хэлэх гишүүн байгаагүй тул санал хураалтыг явуулжээ. Хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувийн саналаар Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмааг эгүүлэн татахыг дэмжсэн байна. Асуудлыг энэ долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулганаар авч хэлэлцэнэ.