Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг зохион байгуулдаг. Энэ удаагийн татвар төлөгчдийн өдрүүдийг “Татвар- Хөгжлийн үндэс” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд татварын хууль тогтоомжийг сурталчлах, шинэ үйлчилгээг танилцуулах, татварын боловсрол олгох сургалт, татварын сэдэвт уралдаан тэмцээн зохион байгуулах болон шилдэг татвар төлөгчдийг шалгаруулж алдаршуулах ажил өнөөдрөөс эхэлж байгаа юм.
Татварын алба нь татварын хууль тогтоомжийг сурталчлан таниулах, хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн орлого бүрдүүлэх үндсэн чиг үүрэгтэй бөгөөд Монгол улсын татварын орлогыг 100 хувь гэж авч үзвэл 55 хувийг дангаараа бүрдүүлдэг байгууллага.
Энэ жил гурван шалгуураар нийт 30 татвар төлөгчийг “ТОП ТАТВАР ТӨЛӨГЧ”-өөр тодрууллаа.
Татварын ерөнхий газраас татварын удирдлагын нэгдсэн системийг нэвтрүүлэх явцад татвар төлөгчидөд сургалт зохион байгуулах, таниулах ажлыг хийснээс хүндрэлтэй асуудлууд шийдвэрлэн системийн сайжруулалтыг тухай бүр хийж ирсэн байна. Тухайлбал системд нэхэмжлэл үүсгэн улсын тэмдэгтийн хураамж төлөх нь иргэдэд хүндрэлтэй байсныг тогтмол нэхэмжлэлийн дугаараар шууд банканд төлөлт хийх, иргэдэд зориулсан itax.mta.mn сайтыг хөгжүүлэн өнөөдрөөс нэвтрүүлж байгаа юм байна.
Энэхүү систем бүрэн нэвтэрснээр татвар төлөгч нь татвар төлсөн тодорхойлолт, төв замын зөвшөөрөл, санал, гомдол гаргах зэрэг 40 гаруй төрлийн үйлчилгээг цахимаар авах бүрэн боломж хангагдаж байгаа гэсэн үг.
Татварын удирдлагын нэгдсэн системийг нэвтрүүлэх эхний шатанд нийт 24 модулиас татварын бүртгэл, тайлан боловсруулалт, татварын орлогын бүртгэл, татварын тооцоолол, өр барагдуулах зэрэг таван модулийг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ашиглаж байна. Зөвхөн эдгээр таван модулийг нэвтрүүлснээр жилд 22.6 тэрбум төгрөгийн зардал хэмнэгдэх тооцоотой байна.