Монгол орны ой мод голдуу уулын ар хэсэгт ургадаг. Энэ нь дороо устай, цэвдэгтэй гэсэн үг юм. Хэрэв уулын ар хэсгээр үлдсэн цэвдэг хайлж дуусвал бид ой модгүй болно гэсэн үг.
Өндөр уулын цэвдэгийг тогтоон барьдаг нь ой мод тэр дундаа шилмүүст мод. Эдгээр модыг нь юу ч үгүй огтолчихоор нар ээсээр байгаад цэвдэг нь гэсээд цас мөс нь хайлах аюултай.
Цэвдэг гэдэг нь зун болохоор гэссэн хэсэг нь хайлж гол усны ундарга болон урсаад өөрөө хөлдөж, нөхөгдөж, нэмэгдэж байдаг хөрсөн доорхи мөстсөн усны хуримтлал юм. Хэрэв дээр нь буй модыг тайраад нүцэглээд хаячихвал oйгоо устгахаас гадна хөрсөн доор нь буй цэвдэгээ мөн устгаж буй гэсэн үг юм. Усны ундаргаа үгүй хийчихэж байна гэсэн хэрэг л дээ.
Модоо устгаж буй 3 том асуудал байна.
Нэгдүгээрт, Иргэд ахуйн хэрэглээндээ нойтон модоо хэт их хайр найргүй хэрэглэж, түлээд модоо дуусгаж байна.
Хоёрдугаарт, Ой модтой хэсгийг их хэмжээгээр сүйтгэж буй уул уурхайнууд байна. Үүнд алтны уурхайнууд зонхилно.
Гуравдугаарт, Ойгоос модоо ухаж авчираад хот, суурин газар тарьдаг бас нэг аюул сүүлийн жилүүдэд даамжирлаа.
Жил бүрийн хавар, намар улс даяараа мод тарьдаг. Ойд зүгээр ургаж байсан моднуудыг хэдэн мянгаар нь авчраад хуурай, үхсэн хөрсөнд баяр хөөр болон суулгадаг улс орон өөр хаана ч байхгүй байх. Эдгээр мод авчирсан хөрсөн дэх усаараа амь хоол хийж ганцхан жил цэцэглээд дараа жил нь үхчихэж байна.
Мод тарихад ч гэсэн шинжлэх ухаан хэрэгтэй. Улс орнуудын жишээнээс харахад xот дотор таридаг таримал мод бий болгох төвүүд, фермерүүд байдаг. Тэнд тарьсан таримал модыг л замын дагуу, саад, цэцэрлэгт тарихаас биш зэрлэг ойн модыг ухаж авчираад тарьдаггүй.
Улаанбаатар хот болон хавь орчиноо моджуулая гэж зорьж байгаа бол та бүхэн таримал мод тарьдаг төвүүд, фермерүүдээ эхлээд дэмж. Тэд хотын ямар ч нөхцөлд ургаж чадах Модны сорт, үүлдэр бий болгочихвол бид амжилтанд хүрнэ.
ДОКТОР М.НАЙДАНХҮҮ