УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Цахим бодлогын түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах төсөл болон УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргыг чөлөөлөх, томилох зэрэг 13 хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Мөн Эрүүгийн хууль болон хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотойгоор хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд санал авч байгаа юм. Энэхүү асуудлыг хэлэлцэх үед Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж УИХ-ын гишүүн Х.Нямбаатарт хандан “Эрүүгийн хуулийг үндсээр нь засахгүй бол болохгүй байна. Энэ хууль өөрөө буруу хууль байсан. 2017 онд өөрчлөлт оруулаад, 2018 онд дахин өөрчлөлт оруулсан. Энэ эх захгүй зүйлийг та нар өөрсдөө хийсэн шүү дээ. Тиймээс энэ хуулийг цогцоор нь засах санал оруулж ирнэ. Өөрсдөө галзуу хүн шиг юм хийчихээд, дараа нь надаас хариуцлагаа нэхэх хэрэггүй шүү, Х.Нямбаатар аа. Чиний энэ тодрох гэсэн үйлдэл аминд чинь хүрч мэднэ шүү, одоо болно” хэмээн хэлсэн юм.
Дараа нь чуулганы хуралдааанаар УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга О.Содбилэгийг чөлөөлөх, түүний оронд Т.Аюурсайханыг томилох эсэх асуудлыг хэлэлцлээ. Санал хураалтаад оролцсон гишүүдийн олонх энэхүү саналыг дэмжсэнээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Т.Аюурсайхан томилогдлоо.
Одоо чуулганы хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.